
Англи хэл заахдаа хөгжилтэй байдлаар бичлэг хийж цахим хуудаснаа байршуулан хэдийнээ өөрийн хүрээллийн дэмжигчидтэй болоод буй “Americano English” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш И.Анартай ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Намайг Ивановын Анар гэдэг. “Americano English” нэртэй сургалтын төвийг найзынхаа хамт нээгээд ажиллуулж байна. Бизнесийн чиглэлээр суралцдаг оюутан.
-Хэзээ, хэрхэн Англи хэл сурч байв?
-Би ихэнх хүмүүстэй адилхан Монголдоо Англи хэл сурсан. Төрөл бүрийн сургалтад явж байсан. Миний хувьд дуртай зүйлээрээ дамжуулан сурсан гэж хэлж болно. Тийм ч учраас сургалтын төв дээрээ сурагчдадаа зориулан аль болох сонирхолтой аргаар Англи хэл заахыг тэр тусмаа ярианы чадварыг нь хөгжүүлэхийг зорьдог. Дүрмээ сурсаар байгаад ярьж чаддаггүй хүмүүс олон байдаг шүү дээ?
-Хэзээнээс хүмүүст хэл зааж эхэлсэн бэ?
-Хоёр жилийн өмнөөс. Эхэндээ ганцаарчилсан сургалт өгдөг байсан. Одоо ажиллаж байгаа сургалтын төвөө нээхийн өмнө “Winner’s Course” гэдэг сургалтын төвд ажилладаг байсан. Тэр үед онлайнаар олон хүмүүст зааж эхэлсэн л дээ. Гэхдээ миний хувьд одоо ч суралцсаар л байгаа.
-Ярианы чадварыг илүү чухалчилж байгаа нь ямар онцлогтой вэ?
-Манай сургалт дүрэм гэхээс илүүтэйгээр яриа, хэрэглээ талыг заадаг. Тэр тусмаа анхан шатныхан яриа, сонсгол нь сайжраад ирэхээр яваандаа түвшин нь ахиад дүрмээ амархан ойлгодог. Бид анх Монгол хэл сурахдаа эхлээд ярьж л сурсан шүү дээ. Тиймээс Англи хэл ч бас эхлээд ярьж сурах хэрэгтэй.
ЕБС-ийн багш нар самбар дээр гарч ирээд дүрэм заадаг шүү дээ. Тэр боловсролын арга барил өнөөгийн нийгэмд сайн зохицохгүй байна гэж боддог. Англи хэл бол хичээл биш хэрэглээ. Гэтэл математик, нийгмийн ухааны хичээл заадагтай адил аргаар сургах гэхээр хүүхдүүд үүнийг хичээл гэж ойлгоод дургүй байдаг. Харин бидний зүгээс англи хэл бол хэрэглээ шүү, тиймээс хамтдаа кино үзээд хэл сурч болно, дууг орчуулаад сурч болно, нэгнийхээ дуртай зүйлийн тухай ярилцаж байгаад сурч болно гэх мэтээр залуу багш нар нь найз шиг харьцаж заахаар хүмүүс сайн ойлгодог юм.
-Зөвхөн танхимын сургалтаас гадна сошиал орчинд хүүхэд, залуусын дуртай зүйлс дээр тулгуурлаж, хэлний мэдлэгт нь дэмжлэг болсон бичлэгүүдийг хийж байгаа харагддаг.
-Би өөрөө залуу хүн шүү дээ. Тиймээс залуус юу сонирхож байгааг тодорхой хэмжээнд мэднэ. Дэлхий нийтээр л хар бараан зүйл рүү татагддаг. Боловсрол олгосон контентыг хөгжилтэй, хөнгөн байдлаар үзүүлбэл хүмүүст сайн хүрдэг. Тухайлбал, Dota 2, PUBG зэрэг тоглоомыг залуус их тоглож байна. E-Sport бол сайн, муу хоёр талтай. Гэхдээ нэгэнт л тоглож байгаа юм чинь ядаж тоглонгоо англи хэлээ сайжруулах боломжтой гэдгийг харуулах гэж хичээдэг. Тоглосоор байгаад маш сайн англи хэлтэй болсон хүмүүс байдаг шүү.
-Манайхан дийлэнхдээ “American English“ дуудлагаар Англи хэлийг сурдаг. Өөрийн тань бичлэгүүдийг үзэхэд ч мөн American English дуудлагатай юм билээ. British English дуудлагын талаар юу гэж боддог вэ?
-British English дуудлагаар ярьж чадна /инээв/. Нэг дуудлагаа сайн сурчихвал бусдыг нь сурахад гайгүй гэж боддог. Анхнаасаа америк акцент сурвал арай амархан. Нэгэнт сурчихсан бол British English акцентыг сонсоод ойлгоно. Бага зэрэг зүтгэлтэй байвал сурахад ч асуудалгүй.
Дуудлагын талаар яривал IELTS шалгалтад бэлдэж байгаа бол British English акценттэй кино түлхүү үзэж түүгээрээ бэлдэх хэрэгтэй. Учир нь IELTS шалгалтыг British English материалаар бэлддэг. Тухайлбал, сонсох дасгал нь British акценттэй байдаг бол унших дасгалд British English үгийн санд байдаг үгнүүдийг ашигласан байдаг.

-Цаашлаад өөр хэл сурах эсвэл өөрийгөө хөгжүүлэх талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Миний хувьд бүх зүйлээс л суралцаж явдаг. Нийгмийн харилцаанаас, гэр бүлээсээ, найз нөхдөөсөө, сурагчдаасаа зэрэг олон зүйлээс үргэлж суралцдаг. Гадаад хэлний тухайд Солонгос хэл сурах сонирхол бий. Түүнээс гадна soft skills буюу хүнд хэрэгтэй чадваруудаа хөгжүүлэхийг хичээдэг. Тухайлбал спортын нэг төрлөөрөө дагнаад хичээллэвэл их зүгээр санагдсан. Усан спортоор хичээллэх төлөвлөгөө бий. Мөн эрүүл мэндийн чиглэлийн мэдлэгтээ анхаарах хэрэгтэй.
Хүн мэдлэгтэй байна гэдэг бол нэг хэрэг. Гол нь нэгэнт л амьдарч байгаа юм чинь эрүүл амьдрах хэрэгтэй. Нийгэмд өөрийгөө зөв таниулдаг, хүмүүстэй зөв харилцдаг байх хэрэгтэй. Мөнгө олох чадвар мөн чухал. Энэ бүгдэд тохирсон боловсрол хэрэгтэй. Жишээ нь нягтлан бодогчийн мэргэжлээр төгссөн хүн мэргэжилдээ хэдий сайн байсан ч ажил дээр гараад харилцааны чадвар, асуудлыг шийдэх чадвар, удирдах манлайлах чадвар зэрэг олон төрлийн чадваруудад суралцах шаардлагатай. Мөн эрүүл мэндийн, сэтгэл зүйн, бэлгийн боловсрол зэрэг олон төрлийн боловсролуудыг орхигдуулахгүй авч явах хэрэгтэй. Мэддэг байхаас гадна түүнийгээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Мэддэг байх нь хангалттай биш гэж боддог.
-Оюутан гэсэн шүү дээ. Хичээл ном, ажил төрлөө хэрхэн зохицуулж байна вэ?
-Цагийн хуваарийн тухайд аль болох төлөвлөх гэж үздэг. Гол нь өөртөө зарцуулах цаг бага болчихдог. Сургалтын төвөө нээгээд өөрөө ямар нэгэн зүйл явуулна гэдэг бол амархан зүйл биш. Нэлээд цаг хугацаа, энерги, мөнгө гээд маш олон зүйл шаардана. Тиймээс тэр бүрт аль болох л менежмент хийх гэж хичээдэг. Өдөрт хийх том том ажлуудаа эхлээд бичнэ, хажуугаар нь бусад ажлуудаа амжуулна. Сургууль, гэр, ажил бүгд ойр учир дөхөм байгаа. Энэ бол том давуу тал. Өмнө нь ажил хол байхад унтахад хүртэл цаг үрэх гээд байгаа юм шиг санагдаад хэцүү байдаг байсан.
-Бизнесийн чиглэлийн мэргэжлээ багшлах сонирхолтойгоо уялдуулж байна гэж ойлгож болох уу?
-Манай өвөө, ээж хоёр шүдний эмч. Тийм ч учраас би ч бас эрүүл мэндийн чиглэлээр суралцах тухай боддог байсан. Гэвч бодит байдал дээр Монголд эмчийн цалин ямар билээ. Түүнээс болж тэрхүү бодлоо орхисон. Мөн би багаасаа л сургууль байгуулъя гэж боддог байсан. Хүүхдүүдийг багаас нь дуртай зүйлсийг нь хийлгээд, байгаагаар нь дэмждэг, зүгээр л математик, физик заагаад байдаггүй гадаад улс орны соёл, хүн ёсны харилцаа, санхүүгийн боловсрол, эрүүл мэндийн боловсрол зэргийг заадаг тийм сургуультай болохыг хүсдэг.
Хүмүүс “10 жилд байхдаа энэ зүйлийг сурчихсан бол…” гэж их ярьдаг шүү дээ. Энэ бүхнийг багаас нь амьдралтай уялдуулж зааж өгөх, эргээд амьдралд гарахад нь бэлтгэдэг тийм сургууль. Мэдээж сонирхож байвал шинжлэх ухааны хичээлүүдийг нь илүү гүнзгийрүүлж зааж өгөх гэх мэтээр. Энэ мөрөөдлийнхөө суурь болгож сургалтын төвөө нээсэн. 10-20 жилийн дараа тэр сургууль маань босчихсон байх ч юм билүү.
-Боловсролын байгууллагад багш нар их чухал байх?
-Тийм. Багш нар сэтгэлтэй байх нь маш чухал санагдсан. Сэтгэлтэй, хөөрхөн багш нарт хүүхдүүд хүртэл андашгүй дуртай байдаг шүү дээ. Ирээдүйд гарч ирэх багш нар илүү мундаг болно гэж боддог. Илүү мэргэжилдээ дурласан, чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс олон болох байх.
-Та мэргэжлийн багш биш хэдий ч олон хүмүүст англи хэл зааж, багшилж байна. Багшлахын сайхан, муухайг ярилцъя.
-Анхандаа би багшийн мэргэжлийг ойшоодоггүй байсан. Хичээл орж байгаа багш нараа харахад тухайн үед надад төдий л сонирхолтой мэргэжил шиг санагддаггүй байсан. Том болоод өөрөө хүүхдүүдэд хичээл зааж эхэлтэл арай сонирхолтой санагдсан. Сургуулийн сурагч байхаасаа Багш нарын нэг өдрөөр хүүхдүүдэд юм зааж үзээд итгэл авч байсан. Багшаар ажиллахаар шийдээд анхандаа онлайнаар ганцаарчилсан сургалт хийдэг байв. Маш эрч хүчтэйгээр эхэлсэн ч мэдэхгүй зүйлс маш олон гарч ирсэн. Өөрөө мэдээд байгаа хэрнээ юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байх гэх мэт. Надад хамгийн сайхан санагддаг мэдрэмж бол сурагчид нүдэн дээр ахиж байгааг харах мэдрэмж. Хичээлийн орчин хөгжилтэй, халуун дулаан уур амьсгалтай байхад сайхан санагддаг. Хөгжилтэй, сонирхолтойгоор хичээл заагаад түүнээс нь тодорхой үр дүн гарч байгааг харахад урамтай байдаг.
-Хүмүүсийн аливааг хүлээж авах, ойлгох хурд ялгаатай. Энэ нь хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Мэдээж хүмүүсийн сурах хурд өөр өөр. Ажил, амьдрал дээр гарсан хүмүүс зөвхөн хэл сурах гэдгээсээ гадна өмнө нь янз бүрийн зүйл сонсчихсон, сурчихсан түүнийгээ тавьж явуулахгүй, зөвийг нь зааж өгөөд байхад буруутайгаа зууралдаад байх тохиолдол бий. Тийм хүмүүс шинэ зүйлийг хүлээж авахдаа арай удаан байдаг. Өөр сатаарах зүйл олон байх тусмаа хэл сурахдаа түүртээд байдаг гэж бодож байна. Үнэхээр суръя гээд сэтгэл гаргавал сурах хурд өөрчлөгдөнө. Түүнээс биш сэргэлэн хүн хурдан сурдаг гэсэн зүйлгүй. Уур амьсгалыг нь бүрдүүлээд өгөхөд чимээгүй хүн байсан ч ярьдаг.

-Ихэвчлэн анхан шатны хүмүүст Англи хэл зааж байна уу?
-Анхан шатнаас дунд шатны хүмүүст зааж байгаа. Бага түвшний хүмүүст ярианы сургалт ороход илүү амар байдаг. Үүнийгээ ахиулаад дунд, дээд шат руу явахаар төлөвлөж байгаа. Яваандаа IELTS, SAT гэхээс илүүтэйгээр Duolingo гэдэг шалгалт бий. Түүнд бэлдэж эхлэх гэж байгаа. Duolingo шалгалтыг гэрээсээ онлайнаар ч өгсөн болно. IELTS-тай харьцуулахад арай хямд үнэтэй. IELTS дөрвөн чадварыг тус тусад нь шалгадаг бол Duolingo нь уншсанаа бичиж чадаж байна уу, түүнийгээ ярьж чадаж байна уу гэх мэтээр хоёр чадварыг хослуулж шалгадаг. Өөрөөр хэлбэл хөрвөх чадварыг нь илүү шалгадаг. Энэхүү шалгалт АНУ, Европ, Азийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн. АНУ-ын томоохон их, дээд сургуулиуд бүгд хүлээн зөвшөөрсөн.
-Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Зөвхөн хүүхэд залууст гэлтгүй хүмүүст хэлмээр, уриалмаар санагддаг зүйл бий юу?
-Зарим тохиолдолд хүмүүс сурахад бага зэрэг оройтсон гэж бодоод байдаг. Нэг зүйл хийе гээд түүнийгээ хойш тавьдаг. Хэсэг хугацааны дараа түүнийгээ хийж чадаагүйгээ бодож харамсахгүйн тулд одоо хийж эхэл гэдэг шүү дээ. Сургуульд сураад чи 4 жилийн дараа ямар байх, бизнес эхлүүлээд чи 4 жилийн дараа ямар байх зэргээ бодох хэрэгтэй. Тэгэх юмсан гэж бодож байгаа зүйл байвал хойш тавилгүй шууд үйлдэл хийж эхлэх хэрэгтэй. Юу ч гэсэн эхлэх хэрэгтэй гэж бодож өөрийгөө шахахыг хичээдэг. Маргааш, маргааш гээд л яваад байвал яваад л байна. Хүн нэг зүйл рүү зориод түүнийгээ даруйхан эхлүүлээд, тууштай байж, сэтгэлтэй байж чадвал хэзээ нэгэн цагт заавал оргилд нь хүрнэ.
-Ярилцлагын урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.
Ярилцсан: Б.Амарбаясгалан

1 сэтгэгдэлтэй
Uneheer uzesgelentei, tuushtai egch yma. gailhaltai yma ta. Ooriin moroodloo setgeltee teen,gartaa atgan hicheej amidartsgaay. <3