Архангай аймагт хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөгөөн болов

               
2022-04-26 0

Хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хамгаалах асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. Энэ хугацаа дуусч байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/261  дүгээр захирамж гарч, аймагт бүсийн уралдааны тов гарсан байна.

Иймд хурдан морь унаач хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын асуудалд хяналт тавих, хамтран ажиллах зорилготой салбар дундын зөвлөлдөх уулзалтыг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ сарын 22-ны өдөр зохион байгуулсан байна. Уулзалтын үр дүнд:

-Аймгийн болон бүсийн морин уралдаанд хүүхдийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагууд хариуцлагатайгаар хамтран зохион байгуулах,  

-Уяачдыг сургалтад хамруулж, тэдний хүүхдэд тавих анхаарал, халамж, хариуцлагыг нэмэгдүүлэх,

-Морин уралдааны үед гарч болзошгүй эрсдэл, ослыг бууруулахын тулд 19 сумын морин уралдааны замын бартааг мэргэжлийн байгууллага судлан тогтоож, зайлшгүй бартааг засч, сайжруулах саналыг удирдах түвшинд танилцуулах,

-Хүүхэд, морины аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чухал шаардлагатай байдаг гарааны төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар болсон байна.  

Мөн нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд даатгалын компаниудыг морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018 стандартыг хангасан хувцас хэрэгслээр унаач хүүхэд, уяачдад үйлчилсэн ээлтэй үйлчилгээг бүрдүүлэн хамтран ажиллахыг уриалжээ.

Уулзалтад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Монголын морин спорт уяачдын холбооны Архангай аймаг дахь салбар, аймагт үйл ажиллагаа явуулж буй даатгалын 6 компанийн  төлөөлөл оролцжээ.

Холбоотой мэдээ