Товчхон
               

Жүдо бөхийн УАШТ Дундговь аймагт зохиогдож байна

               
2022-04-27 0

 Эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ Дундговь аймгийн төв Мандалговьд үргэлжилж байна.

Тус тэмцээнд 22 байгууллагын 180 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд аваргаа тодруулж байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслолд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцлоо. Энэ үеэр жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүдо бөхийн спортын мастер Д.Цагаанхүүг МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор шагнав.

УАШТ-д амжилттай барилдсан бөхчүүдээс Улаанбаатарын Их дуулга, Азийн наадам болон ДАШТ-д оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах юм. Тэмцээн 2 өдөр үргэлжилж өнөөдөр шилдгүүдээ шалгаруулж өндөрлөнө.

Эхний өдөр эрэгтэй 3, эмэгтэй 4 жингийн барилдаанууд болсон бөгөөд 66 кг-д Парисын их дуулгын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэлхийд чансаагаар гуравт бичигддэг Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хагас шигшээд 2018 оны Дюссельдорф их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаярт ялагдсан.  

Эмэгтэй 48 кг-д Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/, Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/, Б.Ойдовчимэд /Женко клуб/, Г.Бүрнээбаяр /Боржин клуб/ алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин 52 кг-д Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/, А.Гал-Од /Алдар спорт хороо/, М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/, П.Буянхишиг /Женко клуб/ нар шалгарсан бол 57 кг-д алтан медаль М.Ичинхорлоо /Женко клуб/, мөнгө Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/, Б.Алтанцэцэг /Женко клуб/, Ц.Хулан /Шинэ бадрах клуб/ нар хүрэл медалийн эзэд болов. Түүнчлэн 63 кг-д Б.Ганхайч /Алдар спорт хороо/, Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/, Ц.Сүнжидмаа /Женко клуб/, С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/ алт, мөнгө, хүрэл медаль зүүв.

Эрэгтэйчүүдийн 60 кг Б.Сүхбат алт /Женко клуб/, Э.Сумъяабазар мөнгө /Женко клуб/, Э.Ариунболд /Алдар спорт хороо/, Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/ нар хүрэл медаль хүртсэн бол 66 кг-д Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/, Л.Өнөболд /Женко клуб/, Ё.Басхүү /Хилчин спорт хороо/, Ө.Бямбасүрэн /One team клуб/ эхний байруудыг эзлэв. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/, Л.Анхзаяа /Женко клуб/, Г.Одбаяр /Женко клуб/, О.Уранбаяр /Хэнтий аймаг/ алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. 

Холбоотой мэдээ