
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан Тэрбээр, дэлхий нийтийг хамарсан цар тахал 2022 он гарснаар эргэн идэвхжсэнтэй зэрэгцэн ОХУ болон Украины нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд өндөр нөлөө үзүүлж буй учир 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг нэн яаралтай хэлэлцэж, дотоод нөөц бололцоогоо дайчлан төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Төрийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгалаа.
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэх бодлого хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно. Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө, орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжинэ гэдгийг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүн Ж.Батсуур, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Төсвийн тодотголоос орон нутагт бодит үр дүн харагдахгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт хуваарилсан. Энэ мөнгөнөөс бараг ороогүй. Оны сүүлээр орох магадлал бага байна. Нийт төсвийн тал шахам хувь орон нутагт орохгүй болохоор төсвийн дэмжлэгийг нэмэх боломжийг шийдэх үү” хэмээв.
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, “Энэ оноос эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг үйл ажиллагаа явуулсан аймагт нь хуваарилхаар төлөвлөж, тухайн аймгийн суурь орлогод хянагдаад явж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлт эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор харилцан адилгүй байгаа. Татварын онцлог нь жилийн турш жигд төлөгддөггүй. Улсын хэмжээнд ийм эрсдэл бий. Үүнийг нэгдсэн төсвийн төлөвлөлттэй уялдуулж оруулсан” хэмээв
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Засгийн газрын гадаад, дотоод болон бусад өр хэдэн төгрөг болсныг тодруулав. Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Одонтуяа, “2021 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 26 их наяд 900 тэрбум төгрөг байсан. Үүнээс дотоод өр 657 тэрбум төгрөг байгаа. ойролцоогоор 95 орчим хувийг гадаад өр эзэлж байна” гэв.
Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

0 cэтгэгдэлтэй