Товчхон
               

Б.Чойжилсүрэн: Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль

               
2022-04-27 0

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

“Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын тос, дотоодын хүнсний үйлдвэрт боловсруулсан тосны ургамлыг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль орж ирж байна. Ургамлын тосыг НӨАТ-аас чөлөөлсөн мөртлөө ургамлын тосыг худалдаж авсан хүнсний үйлдвэрүүдийг чөлөөлөхгүй юм бол уг хуулийг батлах шаардлаггүй юм биш үү. НӨАТ дамжин суутгагддаг татвар. Монголын татварын системийн суурь нь. Хоёрдугаарт ААН-ийн орлогын албан татварын хөнгөлөлт дээр нэг аюултай заалт ороод ирсэн. Тухайлбал, Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй албан татвар төлөгч 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш нийслэл хотоос бусад аймагт шинээр бий болгосон хөрөнгөд өөрийн сонголтоор таван жилийн хугацаанд шулуун шугамын аргаар  элэгдэл тооцож болно. Татварын тухай хуулиар уул уурхайн бус салбар 25 жил, уул уурхайн салбар нь 40 жилээр элэгдэл тооцдог. 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс таван жилээр тооцвол өмнө нь 25 жилээр элэгдэлд тооцоод явж байсан ААН-үүд яах вэ.

Хоёр шилжилтийн хооронд маргаан үүсэх юм биш үү. Үүнээс гадна манай тойргоос хоёр хөрөнгө оруулалт хасагдсан байна. Увс, Хяргас нуурын тохижолт хаягдсан байна. 2020 онд хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсон. Үүний даргаа Увс нуурын хөвөөнд зарим өдөр 1500 орчим автомашин цугалдаг. Ойролцоогоор 6000-7000 хүн ирдэг гэх судалгаа бий. Хүмүүс ирээд буцахад их хэмжээний хог үлддэг. Тиймээс Увс, Хяргас нуурын хөвөөнд 10 орчим тэрбумын хөрөнгө оруулалт хийвэл Увс аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Гэсэн ч энэ ажлыг та бүхэн хасчихжээ. Би төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Нэмбэл хас гэдэг зарчмаар явж байгаа учраас энэ төслийг нэмж оруулахад юунаас хасах вэ гэдэг саналыг Сангийн яам бэлтгээрэй” хэмээв.

Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

“ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд орсон нийслэл хотоос бусад хөдөө орон нутагт үндсэн хөрөнгө бий болгох асуудлыг дэмжих болсон шалтгаан нь төвлөрлийг сааруулах зорилготой. Төвлөрлийг сааруулахын тулд татварын цогц арга хэмжээ шаардлагатай. Хөдөө орон нутагт бизнесүүдийг хөгжүүлэхийн тулд үндсэн хөрөнгүүдийг бий болгох нь чухал. Одоогийн хуулиар 25 жилийн элэгдэлд тооцдог хугацааг зөвхөн орон нутагт тав дахин бууруулахаар байна. Өмнө нь байгуулсан хөрөнгийн элэгдэл үүнд хамаарахгүй. Нягтлан бодох бүртгэлээр хөрөнгө бүр тусдаа элэгдэлийн сантай. НӨАТ-ын хувьд 2023 он дуустал үргэлжилнэ. Уг хууль нь ургамлын тосны үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой богино хугацааны арга хэмжээ” гэлээ.

Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

“НӨАТ-аар оролдохгүйгээр татвар, гаалийн татвараас чөлөөлж болоогүй юм уу. НӨАТ-аар байнга оролдоод байгааг ойлгохгүй байна. Асуудал үүсэхээр НӨАТ хөнгөлнө гэдгээ боль. НӨАТ-ыг тэглэх, бууруулах зэрэг нь үр дүн багатай шүү” гэв.

Холбоотой мэдээ