Товчхон
               

Засгийн газрын гишүүд “11 11” төвд иргэдтэй уулздаг болно

               
2022-04-27 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд иргэдээс ирүүлсэн, санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Тус төвийг Ерөнхий сайдын ажлын алба хариуцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлснээс буюу энэ сарын 4-нөөс хойш 10459 иргэн хандсан байна. Иргэдийн санал хүсэлтийг системд бүртгэн мэргэжлийн байгууллагад шийдвэрлүүлэхээр уламжилжээ. Иргэдээс Ерөнхий сайдын Ажлын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар иргэдээс хамгийн олон санал, хүсэлт хүлээн авчээ.

Төр иргэдээ сонсох ёстой, санал хүсэлтийг нь шийдвэрлэхийн төлөө ажиллах ёстой. Тиймээс хамгийн олон санал, хүсэлт ирж буй асуудлаар холбогдох салбарын сайд, агентлагийн дарга нар “11-11” төвд иргэд, олон нийттэй уулзаж, тэдний саналыг сонсож шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрийн нийт 1217,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг баталлаа.

· Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.

· Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ