
Есөн настай охин сураггүй алга болсон гэгдэх Токиогийн баруун хэсэгт орших Яманаши мужийн уулын бэлээс хүний гавлын ясны хэсэг олдсон тухай мэдээллээ.
Цагдаа нар 2019 оны есдүгээр сард гэр бүлийн хамт Доши тосгон дахь зуслангийн газарт ирээд удалгүй алга болсон Чиба мужийн Нарита хотын иргэн Мисаки Огурагийнх мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Тус мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, 40 гаруй насны нэгэн эр бямба гаригт зуслангийн газраас зүүн тийш 600 метрийн зайд шарилыг олж, хоёр өдрийн дараа гэрэл зургийн хамт тосгоны цагдаад мэдэгдсэн гэнэ.
Мягмар гарагт хийсэн задлан шинжилгээгээр уг яс нь хүний гавлын ясны нэг хэсэг болохыг тогтоожээ. Цагдаа нар тухайн өдөр 40 хүний бүрэлдэхүүнтэй нэгжлэг хийсэн бөгөөд ойрын өдрүүдэд үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мисаки Огура нь 15:40 цагийн орчимд майхны дэргэд зууш идэж байгаад сураггүй болсон аж. Охины ээж Томоко болон мужийн цагдаа нар эрэл хайгуул хийж, мэдээлэл авахаар олон нийтэд хандсан боловч амжилт олоогүй байна. Өдгөө 39 настай Томоко мягмар гарагт твиттер хуудсандаа “Мисаки гэртээ эсэн мэнд ирнэ” хэмээн бичжээ.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй