Товчхон
               

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үр дүнд хүрээгүй байна

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцлээ.

Гэвч уг хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул цааш үргэлжлүүлэхээр болжээ. Тус дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил шийдвэр гаргаж чадаагүй шалтгааныг дараах нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ.

Тэрбээр “Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэлтэй болох ёстой. Прокурор болон албаны хүмүүс бидэнд нэлээд тодорхой хариулт өгсөн боловч нэлээд олон асуултад нэмэлт тодруулга өгөх боллоо. Эхний тодруулгуудаа маргаашаас ирүүлнэ.

Хоёрдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд энэ асуудлынхаа талаар ойлголтгүй байна. Учир нь өнгөрөгч Даваа гарагт яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан юм байна. Тухайлбал, Н.Алтанхуяг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаа ч үгүй байна.

Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Гишүүд ч бас тайлбараа  өгөх ёстой. Тэгэхээр дэд хорооны гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхээ шийдүүлж байгаа гишүүдээс нэмэлт тайлбар авах болоод байна. Үүн дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Яг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх итгэл үнэмшил бидэнд алга.

Гуравдугаарт, халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүнээр шийдвэр гаргаж болохгүй байна. Санал хураалтыг нууцаар явуулна. Санал 2:2 харьцаагаар тэнцвэл шийдвэр гаргах аргагүй болно. Манай дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Ойрын өдрүүдэд маргааш нөгөөдрөөс ирчих байх. Тэгээд бид хурлаа үргэлжлүүлнэ. Хуулийн хугацаандаа багтаахыг хичээнэ” гэв.

Ташрамд дурдахад, Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстойг хэмээн хууль заажээ. Уг саналыг өнгөрөгч Даваа гарагт Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ