В.Путин, Ши Жиньпин нар шинэ эринд стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэхээр тохиролцлоо

               
2023-03-22 0

Орос, Хятадын харилцаа “орчин үеийн дэлхийн дэг журамд амин чухал ач холбогдолтой” гэж  БНХАУ-ын дарга Ши Жиньпин Москвад хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний дараа мэдэгдэв. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр орны худалдааны харилцаа улам бүр гүнзгийрч байгааг тэмдэглээд, Украины хямралыг тайван замаар зохицуулах Бээжингийн саналыг “үндэслэл болгон авч болохуйц” хэмээн өндрөөр үнэллээ.

Мягмар гарагт болсон хэлэлцээ гурав орчим цаг үргэлжилжээ. Кремлийн Их ордонд болсон уулзалт цөөн бүрэлдэхүүнтэй эхэлж, дараа нь өргөтгөсөн хэлбэрээр үргэлжилсэн байна.

Үүний дараа хоёр орны удирдагчид шинэ эринд Орос, Хятадын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Орос-Хятадын Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.

Хэлэлцээний үр дүнгийн тухайд

• “Өчигдөр болон өнөөдөр нүүр тулсан хэлбэрээр, цөөн хүний бүрэлдэхүүнтэй болон төлөөлөгчдийн оролцоотой хийсэн хэлэлцээ халуун дулаан, найрсаг, бүтээлч уур амьсгалд амжилттай боллоо” гэж В.Путин мэдэгдэв. 

• Ши Жиньпин “уламжлал ёсоор халуун дотноор хүлээн авсанд” В.Путинд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын яриа хэлэлцээг “илэн далангүй, найрсаг, үр дүнтэй болсон” гэж тодорхойллоо. 

Худалдааны тухайд 

• В.Путиний тэмдэглэснээр, Хятад улс Оросын гадаад худалдааны тэргүүлэх түншийн байр суурийг бат эзэлдэг. Түүний хэлснээр, энэ жил ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх төдийгүй энэ амжилтаа давах төлөвтэй байна.

• Үүнээс гадна, ОХУ “Хятадын том зах зээлд” хүнсний нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Тухайлбал, “БНХАУ руу мах, үр тариа болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломж бий”. ОХУ-ын холбогдох яамд “ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар стандартыг хангах, хүнсний бүтээгдэхүүний харилцан хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.”

•    Ши Жиньпин Москвад хийж буй айлчлалынхаа үеэр худалдааны иж бүрэн төлөвлөлт байгуулахаар тохиролцож чадсаныг онцлов. Тэрбээр мөн худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд 116 хувиар өссөн нь хоёр талын харилцааны материаллаг баазыг ихээхэн бэхжүүлсэн төдийгүй хоёр орны нийгэм-эдийн хөгжилд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглэжээ. 

Эрчим хүчний тухайд

• ОХУ Хятадад газрын тос, байгалийн хий, тэр дундаа шингэрүүлсэн хий, нүүрс, цахилгаан эрчим хүчний стратегийн нийлүүлэгч хэвээр байна. Оросын бизнес нь одоо хэрэгжиж буй болон хэлэлцэн зөвшилцөх шатандаа байгаа төслүүдийн хүрээнд Хятадын эдийн засагт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээг хангах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

•    Орос, Хятадын удирдагчид цөөн бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. “Энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг үндсэндээ тохиролцсон. Энэ бол Оросоос 50 тэрбум шоо метр хийг найдвартай тогтвортой нийлүүлэх хоолой юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв. 

Украин дахь мөргөлдөөний тухайд

•        Украины асуудлаарх Хятадын энхийн төлөвлөгөөний олон зүйл заалт нь Оросын байр суурьтай нийцэж байгаа бөгөөд Барууны орнууд болон Киев түүнийг хэрэгжүүлэхэд бэлэн болох үед хямралыг тайван замаар зохицуулах үндэслэл болгон авч болно” гэж В.Путин мэдэгдэв. Гэсэн хэдий ч Кремль “ийм бэлэн байдлыг” хараахан олж хараагүй байна.

•    Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Аннабел Голдигийн Украинд шавхагдсан уран агуулсан сум нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдэлд В.Путин тайлбар өгөхдөө, “Барууныхан үнэхээр сүүлчийн украин хүнийг үлдэх хүртэл Оростой үгээр биш, үйлдлээрээ тулалдахаар шийджээ”  гэж мэдэгдсэн байна.  Хэрэв ийм сум нийлүүлбэл Барууныхан цөмийн бүрэлдэхүүн хэсэгтэй зэвсэг ашиглаж эхлэх учир Орос зохих хариу арга хэмжээг авахаас өөр аргагүй болно гэж тэрбээр нэмж хэлэв.  

•    Ши Жиньпин хариу мэдэгдэхдээ, Бээжин Украины асуудалд “бодитой, шударга байр суурь” баримталж, “эвлэрэл, хэлэлцээг сэргээхийг идэвхтэй дэмжиж байна”, мөн энх тайван, яриа хэлэлцээг дэмжинэ гэж онцлон тэмдэглэжээ.  

Олон улсын харилцааны тухайд

• БНХАУ-ын даргын хэлснээр, хоёр удирдагч өнгөрсөн 10 жилийн хоёр талын харилцааны хөгжлийн үр дүнг хамтдаа дүгнэж, Хятад-Оросын харилцаа нь хоёр талын харилцаанаас хол давсан бөгөөд орчин үеийн дэлхийн дэг журамд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдэв. ОХУ, БНХАУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын гишүүн орны хувьд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай хамгаалсаар байх болно гэж Ши Жиньпин хэлжээ. 

• ОХУ, Хятад “цэрэг, улс төр, эдийн засгийн давуу тал олж авахын тулд бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж буй аливаа улс, блокуудыг хүчтэй эсэргүүцэж байна” гэж В.Путин онцлон тэмдэглэв.

Хамтарсан мэдэгдэл

•    Шинэ эринд шилжиж буй иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Москва, Бээжингийн харилцаа нь “төлөвшсөн, тогтвортой, бие даасан, хүчтэй”, “гуравдагч орны эсрэг чиглээгүй” гэж удирдагчид мэдэгдэв. Баримт бичигт онцлон тэмдэглэснээр, “Орос Хятад улсад тогтвортой хөгжин цэцэглэхийг, Хятад улс ОХУ-д хүчирхэг, амжилттай байхыг хүсэж байна”.

•    Есөн заалт бүхий хамтарсан мэдэгдэлд Хятад улс “Украины асуудлаарх энхийн хэлэлцээг аль болох хурдан дахин эхлүүлэх талаар Оросын тал хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг нааштай үнэлсэн бол асуудлыг зохицуулахад Хятад улс нааштай үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг ОХУ сайшаасан байна. Хоёр тал мөргөлдөөнийг хурцатгаж, даамжруулах алхмуудаас татгалзаж, “бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны санаа зовоосон асуудал”-ыг хүндэтгэхийг уриалж, нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцжээ.

•    Үүнээс гадна, Орос, Хятад улс НАТО-д хандан бүс нутгийн болон батлан хамгаалах байгууллага байх үүргээ чандлан биелүүлэхийг уриалж, AUKUS түншлэлийн зүгээс учирч болзошгүй эрсдэлд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлж, Иран, Саудын Араб улсууд харилцаагаа хэвийн болгосныг сайшаасан байна. Түүнчлэн Москва Тайванийг БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үзэж, тусгаар тогтнолыг нь “ямар ч хэлбэрээр” эсэргүүцэж байгаагаа дахин нотлов.

•    Эдийн засгийн талаарх товч мэдэгдэлдээ В.Путин, Ши Жиньпин нар Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлийг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлахыг Засгийн газрууддаа даалгасан байна.

Холбоотой мэдээ