Товчхон
               

Доминикан, Шри Ланка, Бельги улсаас Монголд суух Элчин сайд нар

               
2022-04-28 0

Доминикан, Шри Ланка, Бельги улсаас Монголд суух Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч албан ёсоор үүрэгт ажилдаа орж Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайд болж буйд нь Франк Данненберг Кастеяанос-т баяр хүргэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын оролцоо чухал болохыг онцлов. Мөн аялал жуулчлал, уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтрах боломж, бололцоо байгааг тэмдэглэж,  Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны яам бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ.

Элчин сайд Франк Данненберг Кастеяанос Доминиканы Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Луис Абинадер-ын мэндчилгээг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилж, Монгол Улсын төр засгийн бодлого, санаачилгыг дэмжин, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Франк Ханс Данненберг Кастеяанос нь 2020 оноос Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байна.

Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона итгэмжлэх жуухаа өргөн барив

зураг

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Палита Т.Б. Кохона Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдад баяр хүргэж, нэгэн жарны түүхтэй  уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Элчин сайд Палита Т.Б. Кохона харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа  худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

Бельгийн Хаант улсаас Монгол Улсад суух Элчин сайд Иан Хоогмартенс Итгэмжлэх жуух бичгээ барив

зураг

Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх нь чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Мөн дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг баяжуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, санаачилгын хүрээнд үр дүнтэй ажил хэрэгжүүлэхийг зорьж буйгаа хэллээ.

Элчин сайд И.Хоогмартенс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2021 онд тохиосныг дурдаж, цаашид эрүүл мэнд, тээвэр, логистик зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд И.Хоогмартенс нь 2019 онд Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогджээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Холбоотой мэдээ