“Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.3 тэрбум төгрөгийн төлбөрөө авч чадалгүй өнөөдрийг хүрлээ”

               
2022-04-28 0

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт түүхий эд бэлтгэн нийлүүлээд 1.3 тэрбум төгрөгөө авч чадахгүй банкны хүү алдангид орсон талаар “Эм Эс Эн Ти трейд” ХХК болон Монголын Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос мэдээлэл хийлээ.

“Эм Эс Эн Ти трейд” ХХК-ийн захирал н.Нямболд:

“Манай компани 2021 оны зургаадугаар сард Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10 мянган тонн төмөр нийлүүлэх гэрээ хийсэн байдаг. Энэ хугацаанд манайх 10,369 тонн төмрийг тус үйлдвэрт нийлүүлсэн бөгөөд 2022 оноос хойш 3,600 тонн төмрийн 1.3 тэрбум төгрөгийн төлбөрөө авч чадалгүй өнөөдрийг хүрлээ.

Уг нь гэрээний 5.1-т зааснаар тус үйлдвэр улирал бүр нийлүүлэх төмрийн 50 хувийг нь манай компанид урьдчилж өгөх ёстой байсан. Гэвч нэг ч удаа гэрээнд тусгасан үүргээ биелүүлж үзээгүй.

Манай компани одоо арилжааны банканд нийт 1.1 тэрбумын зээлтэй. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.3 тэрбумын төлбөрөө авч чадахгүйн улмаас сар бүр 15 сая төгрөгийн хүүгийн алданги төлж, алдагдал хүлээн үйл ажиллагаа маань доголдож байна. Энэ байдлаа учирлаж удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч нэмэр алга.

Түүнчлэн манайх тус үйлдвэрт түүхий эд нийлүүлснийхээ төлөө харилцагчдынхаа төлбөр тооцоонд унасан бөгөөд тэдний төлбөрийг дуусгахын тулд бид Банк бус санхүүгийн байгууллагуудаас ч зээл авсан юм. Ингэхдээ би өөрийнхөө утасны дугаар, үнэт эдлэлээ хүртэл барьцаанд тавьсан. Энэ болгонд сул хүү төлөгдөж байгаа учраас байгууллагын үйл ажиллагаа үнэхээр хүнд байдалд орчхоод байна.

Кью Эс Си компани Дархан төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилж авсан байдаг. Харин сүүлд 630 тэрбум төгрөгийн өглөгтэй тус үйлдвэрийг улс мэдэлдээ авах шийдвэр гаргаад буй.

Тус үйлдвэрийн 630 тэрбум дотор манайд өгөх ёстой 1.3 тэрбум нь ч багтсан байх. Энэ хэзээ төлөгдөхийг мэдэхгүй ч 630 тэрбумын нийт өрийг нь эргээд л татвар төлөгч бидний нуруунд үүрүүлэх дүр зураг харагдаж байна. Ямартай ч тус үйлдвэрийг Кью Эс Си компани болон улсын аль нь ч авсан байсан бидний төлбөр тооцоог хурдан төлж барагдуулахыг шаардаж байна. Манай компани НӨАТ-ыг шингээж, нэг тонн төмрийг 330,000 төгрөгөөр нийлүүлсэн” гэлээ.

Монголын Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал:

“Энэ бол ганц компанийнх биш, Улаанбаатар хотын хэмжээнд байдаг 150 гаруй дахиврын цэгт хамаатай асуудал. “Эм Эс Эн Ти трейд” ХХК дахиврын 150 цэгээс түүхий эдээ авч, зөөвөрлөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлсэн бөгөөд тус компани бүх харилцагчийнхаа өрийг өөр дээрээ хүлээгээд төлсөн байна. Бусдаас юмыг нь авсан бол мөнгийг нь өгдөг байх хэрэгтэй.

Түүнээс гадна, хаягдал төмрийн одоогийн үнэ дизель түлш 1,500 төгрөг байсан үеийнхтэй адил хэмжээнд байна. Дизель түлш өнөөдөр 3,000 гаруй төгрөг болчхоод байхад хаягдал төмрийн үнэ өсөөгүй. Гэтэл манайхан хямд авсан хаягдал төмрөөрөө арматур хийгээд 10 нугалж, 3 сая төгрөгөөр борлуулдаг. Монголд гурилын үнэ өсөөгүй байхад талхны үнэ өсөөд байдаг шиг гашуун жишээ энэ.

Нэгэнт энэ үйлдвэрийг төр өөрөө авч байгаа бол одоо ийм хачин байдлыг зогсоох ёстой гэдгийг хэлье. Гэтэл БНХАУ-д гэхэд 400 мянган төгрөгөөр авсан хаягдал төмрөөр арматур хийгээд 800 мянган төгрөгөөр л нэг нугалаад зардаг. Гэтэл манайд 300 мянган төгрөгөөр авсан төмрөөр арматур хийгээд зарахаараа 3 сая болчихдог” хэмээв.

Холбоотой мэдээ