ФОТО ТҮҮХ: Үзэсгэлэнт дуучин Рианнагийн “ээдрээт” амьдрал

               
2022-04-30 0

Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолойгоо нэрийн хуудсаа болгож дэлхийд танигдсан  гайхалтай дуучин бүсгүй бол Рианна (Rihanna) юм. Гэвч үзэсгэлэнт дуучин бүсгүйн амьдралын түүх тийм ч дардан байгаагүй аж.

Түүний тухай 2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын алдарт реппер A$AP Rocky-той уулздаг гэх цуу яриа гарчээ. Удалгүй A$AP Rocky уг таамаглалыг баталснаар дэлхийд нэгэн загварлаг селебрити хос төрөн гарсан билээ. Харамсалтай нь сүүлийн үед Рианна болон A$AP Rocky нар салсан тухай цуу яриа гарч, дуучин бүсгүйн өнгөрсөн амьдралыг сөхөх хүмүүсийн тоо ихэссэн. “Рианнагийн дуулсан дуу бүхэн нь амжилт дагуулж, дурласан залуу бүхэн нь түүнийг гомдоодог”  гэх үг ч  гараад амжив. Ингээд та бүхэндээ Барбадос арлын алдарт дуучин бүсгүйн ээдрээт амьдралын талаар сонирхуулья.

Тэрбээр 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадосын Сэйнт Майклд төржээ. Түүний нэрийг Робин Рианна Фэнти (англ. Robyn Rihanna Fenty) гэдэг бөгөөд сургуульд байхад найз нөхөд, гэрийхэн нь Робин гэж дууддаг байв. Рианна хэдий Барбадост төрж, өссөн ч ээж нь Өмнөд Америкийн Гайана улсаас ирсэн цагаач юм. Гайанагийн цагаачид Барбадост амьдрахдаа арьс өнгөөр ихэд гадуурхагддаг байсан аж. Рианна энэ талаар нэгэн ярилцлагандаа “Гайанагийн иргэд АНУ-д амьдардаг мексикчүүдтэй ижил нөхцөлд байдаг. Шилжилт хөдөлгөөний албаныхан шөнийн цагаар хаалга тогшин хүмүүсийг авч явдаг байсан. Түүнийг өөрийн нүдээр харж байхдаа би дөнгөж найман настай байсан” гэжээ.

Түүний аавыг Рональд Фенти (Ronald Fenty) гэдэг бөгөөд Рианнаг бага байхаас нь л архи, хар тамхинд донтсон хүн байв. Үүнээс болж эцэг эх нь байнга маргалддаг байжээ. Гэр бүлийн тогтворгүй харилцаанаас үүдэж үргэлжийн стресс бухимдал дунд амьдарч ирсэн Рианнагийн толгой  найман настайгаас нь эхэлж асар хүчтэй өвдөж эхэлжээ. Олон жилийн турш ийн байдалтай явсан бөгөөд түүний эцэг эх Рианнаг 14 настай байхад салж, хоёр тийш болсноор стресс нь багасч, толгойн өвчин нь эдгэрсэн байна. Түүний эцэг энэ тухайгаа ярихдаа “Би бяцхан охиндоо хамгийн муу муухайг үзүүлж өсгөсөн. Эцэг хүний үүргээ биелүүлэх нь бүү хэл, үргэлж л согтуу, манарсан байдалтай байдаг байсан. Охин минь намайг өөрчлөгдөхийг олон удаа гуйж, уйлж байсан ч би гэж арчаагүй амьтан чадаагүй. Тиймээс би хэзээ ч өөрийгөө уучилж чадахгүй” хэмээж байсан удаатай. Рианна нэг эгч, хоёр дүүтэй.

Рианна ахлах сургуулиа дүүргэлгүй гарч, хөгжмийн ертөнцөд хүчин зүтгэхээр болжээ. Өөрийн хоёр найзтайгаа хамтарч, дуулж эхэлсэн бөгөөд түүний хүсэл зоригийг юу ч унтрааж дийлэхээргүй байсан гэдэг. Харин түүний гайхалтай авьяасыг олж харсан продюсер Эван Рөүжерс (Evan Rogers) Америк руу явуулж, амжилтынх нь үүд хаалгыг нээж өгчээ. Мэдээж түүнийг урлагийн их тайзнаа анх хөл алхуулсан хүн бол алдарт реппер, продюсер Жей Зи (Jay Z) билээ.

Рианнагийн анхны дуу буюу анх олонд таниулж, дэлхий нийтийг байлдан дагуулсан дуу бол “Pon de Reply” байсан юм. Тэрбээр тухайн дууг анх сонсож үзээд дуулахаас татгалзаж байсан гэдэг. Харин түүний продюсер, хөгжмийн зохиолчид энэ яг л чиний дуу гэж ятгасаар байгаад дуулуулжээ. Рианна ч үүндээ маш сэтгэл хангалуун байдаг бөгөөд Жей Зи-д үргэлж талархаж явдаг гэдгээ ч нуугаагүй юм. Тус уран бүтээл нь дэлхий нийтээр 2 сая хувь борлогдсон байдаг бол анхны цомог болох “Music of the sun” дуу нь Billboard Album Chart-д хоёрт жагсжээ. Найман сарын дараа “A Girl like me” цомгоо гаргасан нь “Billboard Album Chart”-ын дөрөв болон оны шилдэг эмэгтэй уран бүтээлч гэсэн олон шагналыг авч ирсэн байна.

Дуучин бүсгүй 2008 оны “Грэммийн наадам”-с “Umbrella” дуугаараа хамгийн шилдэг уран бүтээл гэх шагналыг хүртэж, Барбадос улсад хамгийн анхны Грэммийн шагналыг авч ирсэн билээ. Ийнхүү жижигхэн улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа бүсгүйг нутаг усныхан нь маш ихээр хүндэтгэж, хайрлаж явдаг байна. Тэр ч бүү хэл 2008 оны хоёрдугаар сарын 22-ний өдрийг Барбадос улс даяараа “Рианнагийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлжээ. Тухайн үед тоглолт үзэхээр ирсэн хүмүүс бүгд өөр өөрийн шүхрийг авчран, Рианнаг дуурайн бүжиж байсан гэдэг. Үүнээс нь болж олон хүн бэртсэн тул дуучин ахин шүхэртэй бүжгээ хийлгүй, шүтэн бишрэгчдээ ч мөн тус уриалгыг дэвшүүлсэн байна.

Тэрбээр 18 настай дуучин Крис Браунтай найзын хувиар нөхөрлөж эхэлсэн бөгөөд харилцаа нь гүнзгийрч удалгүй үерхсэн байна. Хүн бүрийн атаархлыг төрүүлж явсан хосуудын харилцаа Рианнагийн зодуулсан төрх олон нийтийн сүлжээнд цацагдсанаар өндөрлөсөн юм. Хайртай бүсгүйгээ хэрцгийгээр зодож, гэмтээсэн Крис Браун (Chris Brown) тухайн үедээ хүн бүрийн үзэн ядалтыг төрүүлж явжээ. Харин сүүлд Рианна “Опрагийн шоу”-д оролцохдоо “Би Крисийг уучилсан. Одоо хангалттай. Нэг хэсэг би түүнд голдоо ортлоо гомдож, жигшиж явсан. Харин одоо бол үгүй. Тэр надад анхны хайр болоод хагацал гээчийг мэдрүүлсэн. Миний анхны хайр шүү дээ” хэмээн хэлсэн байдаг.

Удалгүй залуу дуучин Дрэйк (Drake)-тэй нэр холбогдсон бөгөөд авьяаслаг дуучид маань “What’s My Name?”, “Take Care” болон “Work” дуунууд дээр хамтарч ажиллажээ. Харин тэдний нууц харилцаа 2009 оноос эхэлсэн аж. Тухайн үед тэд хоёул хостой байжээ. Магадгүй үүнээс болж Крис Браун найз бүсгүйдээ гар хүрсэн байж мэднэ хэмээн олон нийт ярилцдаг. Олны хүртээл болж чадсан “Work” дуун дээр ажилласныхаа дараахан Дрэйк, Рианна нар эртний явдлаа эргэн дурсаж, гадуур зугаалсан байдаг.

Түүнчлэн Холливуудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)-тай нэр холбогдоод амжсан. Рианна төрсөн нутаг болох Барбадос улс руу амрахаар очтол, тэнд Лео ажлаар ирсэн байсан бөгөөд тэднийг тус улсад тааралдаж жиг ургуулаад амжсан гэдэг билээ. Тэд дараа нь Парис хотоор аялж, зугаалан, болзож байна хэмээн эх сурвалжууд мэдээллэж байсан боловч тэд аль аль нь няцааж байсан юм. Харин Рианнагийн 27 насны төрсөн өдрөөр Лео зочилж, тэднийг хамт байгаа халуухан зурагнууд олон нийтийг шуугиулж байжээ. Ийнхүү  сүүлд 2017 оноос үерхэж эхэлсэн Саудын Арабын тэрбумтан Хассан Жамилтай 2020 онд салсан гэдгээ зарласан билээ.

Иймнхүү 2020 оны арванхоёрдугаар сард Реппер “ASAP Rocky” дуучин Рианнатай үерхэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. ASAP Rocky буюу Раким Майерс “GQ”-д ярилцлага өгөхдөө “Рианнаг насан туршийн минь хайр” гэжээ. Тэд үерхээд удаж байгаа бөгөөд хүүхэдтэй болсноо хэсэг хугацаанд бусдаас нууцалж байсан ч Нью-Йоркийн гудамжинд явж байхдаа санамсаргүй папараци зурагчны дуранд өртсөн байна. Хэдийгээр тэд хүүхэдтэй болж байгаа тухайгаа олонд зарлаагүй ч огт нууцалсан хэв маяггүйгээр гэдсээ ил гаргасан хувцсаар өөрийгөө чимсэн нь олны анхаарлыг хэсэгтээ татсан юм.

  Харин 2022 оны дөрөвдүгээр сард тэднийг хоёр тийш болсон гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаж эхэлжээ. Уг мэдээлэл хамгийн анх LOUIS_via_ROMA хэмээх загварын нөлөө бүхий твиттер хуудаснаа нийтлэгдсэн бөгөөд “Рианна, Эйсап Роки нар салжээ. Түүний найз залуу гутлын загвар зохион бүтээгч Амина Муаддитай дотно харилцаатай байсан нь ил болжээ” хэмээх утга бүхий нийтлэл цацсан нь энэхүү дуулиан дэгдэх гол үндэс болсон юм. 

Харин загвар зохион бүтээгч Амина Муадди энэ мэдээллийг эрс үгүйсгэсэн бөгөөд “Хамгийн хайртай хүндэлж явдаг хүмүүсийн минь амьдралд битгий хар толбо үлдээгээч. ASAP Rocky бид хоёрын хооронд ямар ч дотно харилцаа байхгүй” хэмээн өөрийн инстарам хуудастаа бичжээ. Алдарт хосууд ч энэхүү цуурхлын худал гэдгийг баталж, хамтдаа дуучин бүсгүйн төрсөн газар болох Барбадос руу аялалаар явсан байдаг. 

Дуучин бүсгүйн амьдралын чимээ шуугиан тасрах болоогүй бөгөөд тэднийг Барбадос хотоос хувийн онгоцоор ирэхэд нь “ASAP Rocky”-г 2021 оны арваннэгдүгээр сард болсон буудалцаантай холбогдуулан Лос-Анжелесийн олон улсын нисэх онгоцны буудалд саатуулж, улмаар баривчилжээ. Харин Рианнагийн тухайд бол сүүлийн үед урлагийн салбараас илүү загварын салбартай холбоотой болсон бөгөөд 2000-аад онд загварын шүтээн байсан бол одоо дизайнер, бизнесвумен, гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч, мөн Карибын хоолны жоруудтай номын зохиолч болсон юм. Тэрбээр үүнийг ирээдүйд бага ажиллахын тулд одоо өөрийгөө шахаж байна хэмээн тайлбарлажээ.

Fashion Awards 2019

Н.Солонго

Холбоотой мэдээ