Товчхон
               

Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аянд 50.2 мянган ажилтан албан хаагч оролцжээ

               
2022-04-28 0

Завхан аймгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс зохион байгуулсан аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье нэртэй сарын аянд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 823 иргэн оролцлоо.

Аяны хүрээнд аймгийн 24 суманд үйл ажиллагаа явуулж байгаа 54 төрийн байгууллага, 29 төрийн өмчийн сургууль, 315 аж ахуйн нэгж, нийт 398 байгууллагын 50.265 ажилтан, албан хаагчдад хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг мөрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө өгчээ. Мөн үеэр гар зургийн уралдаан, үзүүлэх сургууль, АХА тэмцээн зохион явуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад оролцоо 9,5 хувиар өссөн байна.

Улиастай сумаас тус сургалтад 141 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 2400 ажилтан, алба хаагч хамрагджээ. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа 100 багшид “Анхны тусламж”-ийн амилуулах сургалтыг аймгийн Улаан загалмайн хорооны эрүүл мэндийн хөтөлбөрийн сайн дурын идэвхтэн сургагч багш нар зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна. Хүүхдийг зам тээврийн осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөн бидний амьдралд” гар зургийн уралдаан зохион байгуулж 1072 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахаас татгалзсан байгууллагуудад зөвлөмж өгчээ

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 25 ба түүнээс дээш ажиллагсадтай 99 аж ахуйн нэгж, байгууллага 156 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.

Харин хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэн ажиллуулаагүй гурван аж ахуйн нэгж байгууллагад хяналтын хуудсаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, зөвлөмж өгсөн байна. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон эрчим хүчний салбарт ажиллаж буй ажиллагсдын эрсдэлийг арилгах зорилгоор “Аюулыг хамтдаа арилгая” аяныг өрнүүлэн 35 аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтантай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрэгжиж байгаатай танилцаж, илэрсэн 15 зөрчлийг арилгуулаад байна. Түүнчлэн 253 айл, өрхөд “Та гэрээсээ гарахдаа” гарын авлага түгээж, 200 гаруй иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгсөн байна. Аяны хугацаа дууссан ч гэлээ хөдөлмөрийн тухай болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг QR кодыг ашиглан хэрэглэх боломжийг бүрдүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчлан ажиллаж байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ