Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн багш нар тамхины ишийг худалдан авч байна

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Баруун-Урт сумын Мандарваа цэцэрлэгийн “Ногоон зүрх” клубээс санаачлан татсан тамхины ишийг иргэдээс худалдан авч эхэлжээ. Улмаар түүнийгээ орон нутгийн болон бусад газрын блокны үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Учир нь тамхины иш нь блокны дотор хийгээд байшин барилга барихад маш сайн дулаалга болдог байна.

Тамхины нэг кг ишийг 5000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд энэхүү мөнгөө клубийн багш нар өөрсдөө бүрдүүлдэг. Тодруулбал, тэд чөлөөт цагаараа хэрчсэн гурил, гэрийн боорцгийг үйлдвэрлэн байгууллагынхаа ажилчид болон эцэг эхчүүдэд хямд үнээр худалдаж, дээрх мөнгөө бүрдүүлдэг байна. Тэд мөн ашиглагдахгүй болсон хуруун зайг мөн хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж болох талаар судалж, зай цуглуулж эхэлжээ.

Татсан тамхины иш, зай зэрэг нь байгаль болон хүний эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй бөгөөд газрын хөрсөнд 10 жилийн дараа шингэдэг байна.

Мандарваа цэцэрлэг нь БОАЖЯ, БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Олон улсын эко сургууль цэцэрлэг” хөтөлбөрт хамрагдаж, аймгаасаа хамгийн анхны “Хүрэл гэрэгэ” шагналын эзэн болсон билээ.

Холбоотой мэдээ