Товчхон
               

Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуур орчимд нүхэн жорлон ашиглахыг хатуу хориглоно

               
2022-04-28 0

“Аялал жуулчлал эрхэлье гэвэл нүхэн жорлон ашиглахгүй, нууранд бохир усаа цутгахыг хатуу хориглож байгаа”-г БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 100 хоногт хийсэн ажлаа тайлагнах үеэрээ тэмдэглэв.

Тэрбээр Хөвсгөл нуур орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд одоо ч нүхэн жорлон ашигласаар байгааг шүүмжилсэн юм.

Тус яам Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, судлах лабораторийг нуурын дэргэд байгуулахыг зорьж байна. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөртэй хамтран Хөвсгөл нууранд хэчнээн төрлийн загас байдгаас эхлээд нуурын бүх төрлийн судалгаа шилжилгээ хийх юм.

Хөвсгөл нуурын ёроолд одоогоор 42 тонн шатахуун бүхий 5 автомашин байгааг эхний ээлжинд татаж гаргах нь чухал байгаа. Гэхдээ ОБЕГ-ын болон нутгийн иргэдийн мэдээллээр нуурын ёроолд 28 техник хэрэгсэл байна. Эдгээр нь 50-130 метрийн гүнд байгааг тооцоолж судлах хэрэгтэй. Монголын шумбагчид 50 метрийн гүнд шумбадаг. Иймд олон улсын зэрэглэлтэй шумбагчид ажиллуулах шаардлагатайг Б.Бат-Эрдэнэ онцлов.

Тэрбээр, “Нуурын ёроол дахь машин татаж гаргах талаар ОХУ болон Японы Элсин сайд нартай ярилцаж байна. Өвлийн улиралд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр 1990 оноос өмнө машин зорчиход маршрут зааж өгдөг байсан. Одоо хаа сайгүй дураараа давхиж байгааг болиулж, хязгаарлалтын бүсэд машинаа тавьж хэвшүүлэх зэргээр эко системийг хамгаална. Хөвсгөл нуурандаа дахиж техник хэрэгсэл живүүлэхгүйн тулд зөвхөн маршрутаар зорчуулна” хэмээлээ.

БОАЖЯ-наас Хөвсгөл аймагт тусгай хамгаалалттай бүс нутгийн захиргаа байгуулж байгаа аж. Учир нь тухайн бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эзэмшлээ тэлэн, нуур орчмыг хэт хашаалснаас нуурнаас ундаалдаг нутгийн ан амьтад ус руу орж чадахгүй болжээ. Мөн иргэд сум орон нутагтаа ажиллаж, амьдрах эрхтэй байтал малаа бэлчээрлүүлэх, өөрсдөө нутаглах газаргүй болж хөөгдөж эхэлсэн зэрэг асуудал тулгараад байгаа аж.

Холбоотой мэдээ