Говь-Алтай аймаг жолооч нарын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, урамшуулжээ

               
2022-04-28 0
Зургийн эх сурвалж: MPA

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас “Зөвийг хэвшүүлье” уриан дор “Сайн жолооч” өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийг аймгийн Прокурорын газар болон тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй даатгалын байгууллагууд хамтран зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор өрнүүлжээ. Тэд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хөдөлгөөнд соёлтой оролцож буй жолооч нарыг шалгаруулан шагнан урамшуулж, холбогдох мэдээлэл бүхий 700 гаруй тараах материал зөвлөмжийг хүргэсэн байна. Уг арга хэмжээний хүрээнд жолооч бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагаа улам нэмэгдүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа аж. 

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Дэд хурандаа А.Эржанаас тус аймгийн тухайд зам тээврийн осол, хэрэг, түүнээс шалтгаалан амиа алдсан, гэмтсэн иргэдийн тоо баримтын талаар тодрууллаа. Тус аймгийн хэмжээнд 2021 оны нэгдүгээр улиралд зам тээврийн осол 15, хэрэг 4 гарсан бол 2022 оны нэгдүгээр улиралд осол 15, хэрэг 3 гарсан байна.

Осол, хэргийн улмаас 2021 онд нас баралт 2, гэмтсэн 6 иргэн бүртгэгдсэн бол энэ оны эхний нэгдүгээр улиралд нас барсан 1, гэмтсэн 3 иргэн бүртгэгдсэн тухай мэдээлсэн юм. Түүнчлэн энэ төрлийн осол, хэргийн дийлэнх нь бидний хэлж заншсан хятад мотоциклээр батлагдаагүй зам, бүрэн бус тээврийн хэрэгслээр, хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Холбоотой мэдээ