Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтжээ

               
2022-04-29 0
Зургийн эх сурвалж: MPA

Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1,060 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 14 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 10 хүний амь хохирсон байна.

 Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 11 осол бүртгэгдэж,  11 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
  • Унадаг дугуйтай зорчигч мөргөсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 27 хүн  гэмтэж, 4 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн  гэмтэж, 6 хүний амь хохирсон.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн долоо осол бүртгэгдэж долоон хүүхэд гэмтжээ. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн зургаа нь явганаар хөдөлгөөнд оролцсон бол нэг нь машин сууж явсан байна. Осолд өртсөн хүүхдүүд 6-15 насныхан.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх шаардлагатай.

Жолооч нарын хувьд “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөлөө.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд мотоцикл, унадаг дугуй болон дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр хөдөлгөөнд оролцох зэргээс гарч байгаа осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зорилгоор “Хамгаалах малгай” арга хэмжээ зохион байгуулж байна.

Хамгаалах малгай арга хэмжээний гол зорилго нь мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцогч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойдоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Мотоциклийн ослын улмаас Монгол Улсын  залуу малчин иргэд амь насаа алдсаар байгаа нь харамсалтай.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 466 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 365 орон нутагт 101 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Орон нутгийн болон суурин газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ