
Америкийн “Moderna” эмийн компани “COVID-19”-ийн вакцинаа 6 сартайгаас 6 настай хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ хүргүүлснээ пүрэв гарагт мэдэгджээ.
“Moderna”-гийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтад энэхүү бүлгийн 6700 орчим хүүхдийг хамруулахад вакцин үр дүнтэй, аюулгүй болох нь тогтоогдсон байна. Ингэхдээ хүүхдүүдийг 18 болон түүнээс дээш насныхныг хамруулж байгаагийн дөрөвний нэгтэй тэнцэх хоёр тунд хамруулжээ.
Ийнхүү эмнэлзүйн туршилтаар хүүхдүүдийн саармагжуулах эсрэг биетийн түвшин өсвөр насны хүүхдүүдийнхтэй статистикийн хувьд ойролцоо байгаа нь харагджээ.
Мөн судалгаагаар “омикрон” хувилбарын давлагааны үеийн халдварын тохиолдлуудад дүнд шинжилгээ хийсэн байна. “Moderna”-гийн мэдээлснээр, вакцины үр дүн 6 сартайгаас 2 настай хүүхдүүдэд 51 хувь, 2-6 настай хүүхдүүдэд 37 хувьтай байжээ.
Энэхүү судалгаанд оролцогчдын эрүүл мэндэд ажиглагдсан нөлөө нь зургаагаас дээш настай хүүхдүүд болон насанд хүрэгчдэд ажиглагдсантай “ерөнхийдөө нийцжээ”. Энэ нь вакцины “аюулгүй байдалтай холбоотой шинэ асуудал илрээгүй” гэсэн үг аж.
Хүнс, эмийн хяналтын газар одоогоор “Moderna”-гийн вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд бусад насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх эсэхийг үргэлжлүүлэн судалж байгаа ажээ.

0 cэтгэгдэлтэй