Баян-Өлгий аймагт зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын 43 хувийг эзэлдэг

               
2022-05-02 0
Зургийн эх сурвалж: MPA

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны нээлт Өлгий хотын төв талбайд болов.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 0-17 насны 44321, 18-30 насны 23707, 31-46 насны 21030, 60-аас дээш насны 5966 иргэн үзлэг шинжилгээнд хамрагдана гэсэн тооцоог аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан байна.

0-17 насны хүүхдүүдийн эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насны иргэдийн үзлэг, оношилгоог аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийнэ. Иймээс өнгөрсөн онд ашиглалтад орсон Хүүхдийн эмнэлгийн барилгын нэгдүгээр давхрыг «Эрүүл мэндийг дэмжих төв» болгон тохижуулж, холбогдох тоног төхөөрөмжүүдээ байршуулан бэлтгэл ажлыг хангажээ.

Баян-Өлгий аймгийн хувьд зүрх судасны тогтолцооны өвчин нийт нас баралтын 43 хувийг эзэлдэг. Үүний дараа хавдар, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд нас баралтын голлох шалтгаан болж  байна. Дээрх урьдчилан сэргийлэх үзлэгээр 0-17 насныхан 6, 18-аас дээш насны иргэд 19 төрлийн шинжилгээнд хамрагдсанаар аливаа өвчин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Үүнээс 9 төрлийн хавдрын шинжилгээ хийх аж.

“Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд эхний ээлжид буюу тав, зургадугаар саруудад аймгийн төвийн иргэдэд үзлэг, шинжилгээ хийнэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд үргэлжлэх тул сумын Эрүүл мэндийн төвүүдтэй хамтран тодорхой хуваарь гаргаж хөдөө сумдын иргэдэд үйлчилнэ. Энэ хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд доголдол, хүндрэл учрахгүй, үйл ажиллагаа нь хэвийн явагдана” хэмээн тус эмнэлгийн дарга Х.Маншүк хэллээ.

Ташрамд сануулж хэлэхэд, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах иргэд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байна. Мөн харьяа сум, өрхийн Эрүүл мэндийн төвөөс урилга ирснээс хойш 20 хоногт багтаан үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстой ажээ.  

Холбоотой мэдээ