Товчхон
               

Үндэсний бичиг үсгийн баярыг 19 дэх жилдээ тэмдэглэв

               
2022-05-02 0

Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд өчигдөр боллоо.

Манай улс Үндэсний бичиг үсгийн баярын өдрөө жил бүрийн 5 дугаар сарын эхний Ням гарагт тэмдэглэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус өдрийг 2004 оноос тэмдэглэж эхлээд эдүгээ 19 дэх жилтэйгээ золгож байна.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ чадмаг эзэмших, үр хүүхэддээ зааж өвлүүлэх талаар өргөн олонд хүртээлтэй их ажил өрнүүлэн ард нийтээр тэмдэглэдэг уламжлалтай.

Үндэсний бичиг үсгийн баярыг нээж, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хэлний бодлогын үндэсний зөвлөл дарга С.Дулам, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар үг хэлэв.

Жил бүрийн Үндэсний бичиг үсгийн баяраар Монгол Улсын Үндэсний номын сангаас олгодог “Ном цом” шагналыг өнөө жил Дархан-Уул аймгийн Нийтийн номын санд хүртээлээ. “Ном цом” шагналыг хүртсэн Дархан-Уул аймгийн Нийтийн номын сангийн хамт олон өөрсдийн гараар оёж, зүү ороож урласан номын баринтгийн дээжийг Монгол Улсын Үндэсний номын санд гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газрын шагнал “Үндэсний бичиг үсгийг дэлгэрүүлэгч шагналаар Гандантэгчэнлин хийдийн Дашчойлин дацангийн гэвш лам Мижиддоржийн Сумъяабазар, Данзанцэрэнгийн Батболд, Монгол Улсын Үндэсний номын сангийн Сан хөмрөгч Баттогтохын Отгонтуяа, сэргээн засварлагч Үнэнбатын Доржоо нарыг шагнасныг Соёлын дэд сайд М.Батбаяр гардуулан өглөө.

Ёслолын үеэр мөн Монгол Улсын Соёлын яамнаас эрхлэн хэвлүүлсэн “Монгол бичгийн унших бичиг” 5 боть номын нээлтийг хийж, хүрэлцэн ирсэн байгууллагуудын төлөөлөлд хүлээлгэн өгсөн бол Монгол Улсын Их Сургуулиас 20 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит улсын уралдааны төрөл тус бүрийн тэргүүн байрын шагналыг тус сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс гардуулан өгсөн юм.

Нээлтийн ёслолд Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс, МУБИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Соронзон болон эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн монгол хэл, бичгийн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо. 

Холбоотой мэдээ