Товчхон
               

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага Архангайн боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ

               
2022-05-02 0

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Архангай аймагт дахин айлчилж аймгийн Засаг дарга М.Батжаргалтай уулзжээ.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болох “Цахим Архангай” хөтөлбөрөөс боловсролын салбарын үйл ажиллагаанд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Ноён Виктор Лутенко 2021 оны 10 сарын 15-нд Архангай аймагт ирэхдээ орон нутагт боловсрол, эрүүл мэндээс шалтгаалсан шилжилт хөдөлгөөн их байгаа талаар судалгааны дүгнэлт танилцуулж байсан. Тэгвэл энэ байгууллагын хэрэгжүүлж байгаа шилжилт хөдөлгөөнийг сааруулж, төвлөрлийг багасгах үйл ажиллагааны зорилго нь “Цахим Архангай” хөтөлбөртэй нийцэж байгаа ажээ. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийг 2019 оноос хэрэгжүүлж ирсэн байна. Төслийн хамрах хүрээ, үр нөлөөллийг нэмэгдүүлэхэд Архангай аймаг түүчээлж, загвар болох боломжтойг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага онцолсон байна. Архангай аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт нь олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой, өгөөжтэй байх зорилттой аж. Архангай аймаг, НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааны бэлтгэлээ хийж байна. Ирэх хичээлийн жилээс хамтын ажиллагаа албан ёсоор эхлэх ажээ.

Холбоотой мэдээ