Архангай аймагт төрийн сангийн ажилтнуудын туршлага судлах сургалт боллоо

               
2022-05-02 0

Цахир суманд аймгийн бүх сумын Засаг даргын Тамгын газрын дарга, төрийн сангийн ажилтнуудын туршлага судлах сургалт боллоо. Тодруулбал, ОНХС-гийн хөрөнгөөр хийсэн ажил, бүтээн байгуулалтын сайн туршлага, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авсан юм.

Харилцан суралцах энэ сургалтын үйл ажиллагааг нээж, Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар хэлсэн үгэндээ “Бид хуулийн хэрэгжилтийг хангаж, ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг чухалчилсан” гэлээ. Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Бадрах 2016-2020 оны ОНХС-гийн хөрөнгөөр үр дүнтэй ажлуудыг хуулийн дагуу чанартай гүйцэтгэж, суманд тулгамдаж буй асуудлуудаа шийвэрлэж байгаад талархал илэрхийлэв. Сургалтаар аймгийн ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтан Я.Отгонбаатар ОНХС-гийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлуудын хяналт үнэлгээ сэдвээр мэдээлэл өгсөн юм. Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Архангай аймаг дахь орон нутгийн төслийн ажилтан Б.Буяннэмэх мэдээлэл өглөө. Тус төслөөс 2015 оноос ОНХС-гийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 330 сумын ОНХС-гийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн үнэлгээг жил бүр хийж байгаа аж. Сумдын үнэлгээ сайжрахын хэрээр жил бүр урамшуулал авах сумын тоо нэмэгдсэн байна. Улсын хэмжээний үнэлгээний үр дүнд 2016 онд 154 сум урамшуулал авч байсан бол 2021 онд 225 сум урамшуулал авчээ. Тус аймгийн хувьд 2016 онд 10 сум урамшуулал авч байсан бол 2021 онд 17 болжээ.Үнэлгээг тогтмол хийснээр сумд ОНХС-гийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн, өөрийн гэсэн арга барилтай болж, сайн туршлагыг хуримтлуулдаг байна. ОНХС-гийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө оруулалтын цаашдын ашиглалт, хамгаалалтад багагүй асуудал гардаг. Тухайлбал, худаг бариад бүртгээд орхичихдог. Гэтэл ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ нь хаягддаг. Тиймээс эд хөрөнгийг эзэнжүүлэн ашиглалтын гэрээ хийж ажиллах шаардлагатай гэсэн асуудал хөндөгдлөө.Цахир сумын санхүү албаны дарга Д.Оюунгэрэл “Үнэлгээний 34 нэр төрлийн үзүүлэлтээр ажлыг дүгнэж, баримт бичгийн бүрдэл, иргэдийн оролцоог хангасан байдал зэргийг харгалздаг. Манай сум 2016-2020 оны ОНХС-гийн гүйцэтгэлээрээ 4-5 жил дараалан Тогтвортой амьжиргаа төслөөс урамшуулал авч санхүүжилтээ нэмэгдүүлж ирсэн. Тодруулбал, аймагтаа 1-р байр улсад 9-р байрт орж байсан гэв. Цахир сум 2016 онд 25,9 сая, 2017 онд 17,6 сая, 2019 онд 21,2 сая, 2020 онд 25,1 сая, 2021 онд 43,6 сая төгрөгийн буюу 5 жилд нийт 133,4 сая төгрөгийн урамшуулал авсан тухай мэдээллийг Архангай медиа группын Цахир сум дахь сурвалжлагч Л.Ганхуяг мэдээллээ.

Холбоотой мэдээ