Товчхон
               

ЕХ-ны албан тушаалтнуудын визийн хөнгөлөлтийг түр зогсооно

               
2022-05-02 0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын холбоо (ЕХ) болон найрсаг бус хэд хэдэн орны албан тушаалтнуудын визийн хөнгөлөлтийг түр зогсоох тухай хуульд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны интернэт порталд ням гарагт нийтэлсэн байна.

Уг хуульд ОХУ болон ЕХ-ны иргэдэд хялбаршуулсан журмаар виз олгох тухай тус холбоотой байгуулсан хэлэлцээрийн заалтуудын хэрэгжилтийг түр зогсоох тухай тусгажээ. Үүнээс гадна, ОХУ-ын Засгийн газар болон Дани, Норвеги, Лихтенштейн, Исландын Засгийн газар хооронд байгуулсан визийг хөнгөвчлөх хэлэлцээрт, мөн Швейцарын Холбооны Зөвлөлтэй хийсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулсан байна.

Гарын үсэг зурсан баримт бичигт албан ёсны төлөөлөгчид, сэтгүүлчдэд нэг жилийн хугацаатай олон удаагийн виз олгох, үндэсний болон бүс нутгийн засгийн газар, парламент, шүүхийн гишүүдэд таван жилийн хугацаатай олон удаагийн виз олгох, бичиг баримт бүрдүүлэх хялбаршуулсан журмыг хүчингүй болгожээ. Түүнчлэн албан ёсны төлөөлөгчид, засгийн газар, парламентын гишүүдийг визийн хураамжаас чөлөөлөх, дипломат паспорт эзэмшигчдийг визгүй зорчих эрхийг цуцалсан байна.

Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны дүгнэлтэд тэмдэглэснээр, “дээр дурдсан улс орнуудын найрсаг бус үйлдэлд нэн даруй хариу арга хэмжээ авах шаардлагатай байгаатай холбоотойгоор” уг хуулийг баталсан байна. Үүний зэрэгцээ эдгээр заалтыг бүрэн цуцлах тухай биш харин түр зогсоож байгааг онцолжээ.

В.Путин өмнө нь ОХУ болон ЕХ-ны иргэдэд хялбаршуулсан журмаар виз олгох тухай Орос, ЕХ-ны хооронд байгуулсан гэрээний зарим заалтын хэрэгжилтийг түр зогсоохыг үүрэг болгосон байна.

Холбоотой мэдээ