“Ид шидийн орон-3” Дундговь аймагт сүндэрлэхээр болжээ

               
2022-05-02 0

“Ид шидийн орон-3” Дундговьд сүндэрлэхээр болж, үйл ажиллагаа нь эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү төслийг эхлүүлсэн Лантуун дохио ТББ-ын төлөөлөл Мандалговь хотноо ирж суурьшин, хөрөнгө босгох ажлаа ч, бүтээн байгуулалтаа ч эхэллээ.

“Ид шидийн орон” жишиг төвийг хөдөө орон нутагт байгуулах ажил Дундговиос ийнхүү эхэлж байна. Шалгаруулалт хэд хэдэн үе шаттай явагдаж, 9 аймгаас тус аймаг шалгарсан. Шалгаруулалтад тэнцэхэд “Гэрэлтдэг ертөнц” ТББ, аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, хүүхдийн төлөө чин сэтгэлтэй бусад байгууллагууд, иргэд, төрийн өмчит компаниудын оролцоо, хамтын ажиллагаа нөлөөлсөн юм.

“Лантуун дохио” ТББ-ын ах эгч нараа хүүхдүүд халуун дотноор хүлээн авлаа. Хоёр өдөр Мандалговь хотноо зохион байгуулсан хандивын үйл ажиллагаанд хүүхдүүдийн оролцоо сайн байж, тэд “мөнгөний гахай”-ндаа цуглуулсан мөнгөө бариад хандивын үйл ажиллагаанд нэгдсэн нь хэн бүхний сэтгэлийг хөдөлгөхөөр байлаа.

Луус сумын малчин эмэгтэй ам цагаан хонио хөтлөн ирж, хүүхдүүдийнхээ ирээдүйн хөгжилд хандивлаж, түүнийг нь дуудлага худалдаанд оруулснаар нэг хонь 1 333 333 төгрөгт хүрчээ.

Лантуун дохио ТББ-ын хамт олонд бүгдийг сэтгэлээрээ тэгээс эхэлж, олны дэмжлэгтэйгээр “Ид шидийн орон”-г сүндэрлүүлсэн, асар их туршлага, сэтгэл, нэр хүнд байгаа бол Дундговийн иргэдэд түүнийг бүтээн байгуулахад оролцох хүсэл байгаа нь харагдаж байна.

Зарим гэр бүл төрөөс өгдөг хүүхдийн 100,000 төгрөгөө, зарим багачууд тоглоом авах гэж хадгалсан мөнгөө, зарим бизнес эрхлэгчид материал түүхий эдээр, зарим нь өөрсдийн хөдөлмөрөөр оролцож эхэлжээ.

Энэ оны 11 дүгээр сар гэхэд Дундговийн хүүхэд багачууд аюулгүй, гэрэл гэгээтэй тоглоомын талбайд тоглож, нийслэл хотын ямар ч хүүхдүүдээс дутахгүй орчинд хичээл даалгавраа хийж, гитар төгөлдөр хуурын дугуйланд сууж, бүжиг спортоор хичээллэн, англи хэл гадаад хэл сурж, өргөн сонголттой номын санд шинэхэн ном уншиж, цэлгэр том цонхоор харангаа кофе цай ууж, долоо хоног бүр нээлттэй микрофонд үгээ хэлж, сургуульд сурч чаддаггүй маш олон зүйлээ сурч хөгжиж, бие хүн болж төлөвшиж эхлэх юм. 

Холбоотой мэдээ