Товчхон
               

Улаан-Үд хотод “Монгол-Оросын бизнесийн хамтын ажиллагааны форум” боллоо

               
2022-05-02 0

“Монгол-Оросын бизнесийн хамтын ажиллагааны форум” ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо өнгөрсөн баасан гарагт боллоо. Форумын үеэр эдийн засгийн хоригтой холбоотойгоор тогтоосон дүрэм журмыг сайтар судалж, зохих журмын дагуу тээвэр хийхийг Буриад улсын гаалийн газраас мэдээллээ. Монгол Улсын талаас Хиагт-Алтанбулагийн боомтоор манай улсын нийт импортын 40 орчим хувь нь орж ирдэг учраас санкцтай холбоотой мэдээллийн зөрүүг арилгах, транзит тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд уян хатан ажиллах нь энэ цаг үед чухал байгааг тэмдэглэсэн юм.

Хоёр талын худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан форумд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа ерөнхий консул Д.Нямцэрэн, МҮХАҮТ-ын удирдлага, Буриадын ХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Валентина Намсраева, тус улсын Экспортын төвийн орлогч дарга Ю.С.Шалобало, Буриад улсын гаалийн газрын удирдлага, Эрхүү муж, Буриад дахь Россельхознадзор (Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын алба)-ын удирдлага, Ази Номхон далайн банкны дэд ерөнхийлөгч Б.Б.Буянтуев нарын албаны хүмүүс оролцож, мэдээлэл солилцлоо.

Хориг арга хэмжээний хүрээнд Буриадын экспортын боломж, гадаад эдийн засгийн үйл ажиллагааны практик, гадаад төлбөр тооцоо, гааль, мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын талаар холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөв. Монголоос ОХУ-ын зах зээлд ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, лаазалсан хүнс зэрэг Монголд үйлдвэрлэсэн тохирлын үнэлгээтэй бүтээгдэхүүнийг нийлүүлж буй бизнес эрхлэгчдийг ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад хамтран ажиллах боломжтойг Буриадын ХАҮТ-аас илэрхийллээ.

“Бурятмяспром” үйлдвэр, “Вегос М”, “Бечехан”, “SMIT” зэрэг худалдааны групп, “Амта” кондитерийн үйлдвэрээс Монголын бизнес эрхлэгчдэд гадаад худалдаа, хамтын ажиллагааны боломжоо танилцуулж, туршлагаасаа хуваалцав. Энд Монголоос 20 гаруй, ОХУ-аас худалдаа, тээвэр, логистик, барилгын 25 гаруй бизнес эрхлэгч оролцов.

Холбоотой мэдээ