Товчхон
               

Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ

               
2022-05-02 0

Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан, тавдугаар сарын нэгнээс мөрдөхтэй холбогдуулан иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ.

Хуульд зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар нь гэрчилгээжүүлэх байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн бүрд тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатай олгохоор тусгажээ.

Иргэд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт хамгийн ойр байрлах салбар нэгжид биеэр ирж хүсэлт гаргаж авна. Ингэхдээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй. Хуульд зааснаар хүсэлт гаргасан иргэний мэдээлэл зөв бол хүсэлт гаргасан даруйд тоон гарын үсэг олгоно.

Тоон гарын үсэг олгох нээлтийн үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, “Тоон гарын үсэг нь, эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангана. Цахимаар зурсан этгээдийг таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учир хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр юм. Маш өндөр нууцлал бүхий технологийн суурь бүтэцтэй ч хэрэглэгчийн хувьд өдөр тутам ашиглаж болохуйц, хэрэглэхэд хялбар, мөн олон төрлийн зардал хэмнэсэн давуу талтай”-г онцлов.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн, албан байгууллагууд орон зай цаг хугацааг үл хамааран ажил хэргээ явуулах боломж бүрдэж байна. Тухайлбал, интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах, төрийн цахим үйлчилгээний E-Mongolia ситемд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой.

УБЕГ-аас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсэг олгох аж.

Холбоотой мэдээ