
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулав.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гаргаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнесд дарамт болж байгаа зарим хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ дөрөвдүгээр сард энэ асуудлыг хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллаж байна. Сая анхны хэлэлцүүлэг хийгдэх явцад гишүүдийн байр суурийн зөрөө их байсан. Бүх төрлийн хяналтыг зогсоох нь буруу юм гэдэг гишүүдийн байр суурь давамгайлж байсан. Тиймээс энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан.
Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барсан хуулийн гол концепц бол Төрийн хяналт шалгалтууд явдагаараа явна, харин төлөвлөгөөт хяналт шалгалтуудыг бүрэн зогсооё гэдэг хуулийн төсөл. Өнөөдөр намын бүлэг энэ асуудлыг нэлээд нухацтай хэлэлцээд Засгийн газраас Төрийн хяналт шалгалтын тухай шинэчилсэн найруулгын төслийг яаралтай өргөн барих хэрэгтэй байна гэж үзэж байгаа юм. Энэ хуулийн төслийг өргөн барьсны дараа түр зогсоохтой холбоотой хуулийн төслийг хамтатгаж хэлэлцэхгүй бол энэ олон хяналт шалгалтаас дундаас нь тодорхой хэдэн хяналт шалгалтыг сугалж аваад ярих нь өрөөсгөл байна гэж үзлээ. Тиймээс Засгийн газар ойрын үед Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай Их хуралд өргөн барь. Үүний дараа хэлэлцэх эсэхийг нь шийдээд энэ хоёр хуулийг хамтатгаж хэлэлцээд нэг ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь хууль зүйн хувьд ч, ажлын уялдаа холбооны хувьд ч хэрэгтэй юм гэж бүлэг үзлээ.
Мөн өнөөдрийн хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонссон. Их хуралд хүчирхийллийн эсрэг лобби бүлэг бий. Бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Баярсайхан мэдээлэл өгсөн” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Би төрийн түшээгээр сонгогдсоноос хойш хүчирхийллийн эсрэг УИХ-ын лобби бүлгийг байгуулан, ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай хүүхэд хөгжлийн асуудлаар хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлэг хийсэн.
Цар тахлын өмнө манай улсад жилд 25 мянган хүүхэд гэмтэж, хүчирхийлүүлж, амь насаа алдах тохиолдол ч байсан. Цар тахлын хөл хорионы үед энэ тоо 35 мянга болж өссөн. Эцэг эхчүүд үүргээ биелүүлэхгүй, гар утас, олон нийтийн сүлжээний харилцаанд илүү анхаарч, үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байна. Бид хүүхдүүдээ үл хайхраад байна. Тиймээс Хөдөлмөрийн хуулинд анх удаа хүүхдийн тухай тусгасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ААНБ, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байхыг хуульчилсан. Байгууллагууд ажилтан, албан хаагчдадаа үр хүүхэдтэйгээ байх цагийг гаргаж өгөх ёстой” гэв.

0 cэтгэгдэлтэй