
Зургийн эх сурвалж: MPA
УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бүлгийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхнийх нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төсөл. Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд бизнест дарамт болж байгаа зарим нэг хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг өргөн барьсан нь энэ юм. УИХ энэ асуудлын хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байна.
Ингээд анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Анхны хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь, ойлголтын зөрүү их байсан учраас МАН-ын бүлэг завсарлага авч энэ асуудлыг хэлэлцсэн.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн концепц нь төрийн хяналт шалгалтууд явдгаараа явна, харин төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл бүрэн зогсооно гэдэг байдлаар оруулж ирсэн.
Мөн Засгийн газраас удахгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм байна. Тиймээс Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийг төсөлтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэж бүлэг үзлээ.
Хоёрдугаарт, намын бүлгийн хурлаар нийгэмд тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэл сонсдог. Энэ удаад Хүчирхийллийн эсрэг лобби бүлгээс хүүхдийн эрхийн тухай мэдээлэл сонслоо.
УИХ-ын гишүүн, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүн Б.Баярсайхан: Манай лобби бүлгийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд 43.3 дахь зүйл заалтыг тусгуулсан. Энэ заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч бүр хүүхэд хамгааллын бодлоготой байна гэдэг заалт юм. Энэ заалтаар ажил олгогчид ажлын бус цагаар ажилтандаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ байх цагийг гаргаж өгөх ёстой гэдгийг хэлж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй