
Зургийн эх сурвалж: MPA
Сүүлийн жилүүдэд манай улсад хөдөлгөөнд оролцох автомашины тоо нэмэгдсээр байна. Үүнийг дагаад өдөрт бүртгэгдэх автомашины осол ч мөн өсөөр байгаа юм. Харамсалтай нь үүний хохирогчид ихэвчлэн бага насны хүүхдүүд болж байна.
2020 оны байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд автомашины ослын улмаас 1501 хүн гэмтэж, 116 хүн нас баржээ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 4 хүний амь нас хохирчээ.
Өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох үедээ иргэд хариуцлагагүй байдлаасаа болж, жижиг том алдаа гаргасаар байна. Үүний нэг жишээ нь гэхэд л буруу талдаа жолоотой хэдий ч урд хэсэгт суулгасан хүүхдээ замын голд буулгаж, осолд орж, гэмтэж болшгүй нөхцөлд өөрөө хүүхдээ оруулж буй явдал юм.
Үүний тухай Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр: “Хатуухан нэг зүйл хэлмээр санагдав. Эцэг эхчүүд хүүхдээ зам дээр өөрийн гараар алж хөнөөдөг” хэмээн эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулсан байна.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна. Түүнчлэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.
Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэх, Автомашинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан суудлын тооноос илүүгүй байх бөгөөд суудал бүр нь хамгаалах бүсээр тоноглогдсон байна. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 23.7, 8, заалтыг баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.
Явган зорчигчийн үүрэг: “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан байдаг.
Мөн дүрмийн 5.2-д “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд ЯВГАН ЗОРЧИГЧ НЬ ЖОЛООЧИД ХАРАГДАХ НӨХЦӨЛӨӨ САЙЖРУУЛАХ ҮҮДНЭЭС аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэсэн зөвлөмжийн шинжтэй заалт байдаг.

0 cэтгэгдэлтэй