Товчхон
               

Украины сэтгүүлчдэд “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг олгоно

               
2022-05-03 0

Германы “DW” агентлаг “Үг хэлэх эрх чөлөө-2022” шагналыг Украины баруун өмнөд нутгийн Мариуполь хотын бүслэлт, сүйрлийг баримтжуулсан гэрэл зургийн чөлөөт сэтгүүлч Евгений Малолетка, “Associated Press” агентлагийн зураглаач, гэрэл зургийн сэтгүүлч Мстислав Чернов нарт олгохоор болжээ. Оросын бөмбөгдөлтийн улмаас амаржих газар сүйрсэн байгааг харуулсан тэдний гэрэл зургуудыг дэлхий нийт харсан юм.

Орос улс хоёрдугаар сард Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг /БНЛАУ/ хүлээн зөвшөөрснөөр дайн гарцаагүй дэгдэх нь сэтгүүлчдэд тодорхой болсон бөгөөд гагцхүү хэзээ эхлэх вэ гэдэг асуулт гарч ирсэн гэж Е.Малолетка “DW” агентлагт мэдээлжээ. “Тэд Мариуполиор дамнан Крым рүү коридор байгуулахыг оролдоно гэдгийг бид мэдэж байсан” гэж тэрбээр ярьсан байна. Оросын түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхлэх үеэр эдгээр сэтгүүлч Мариупольд байжээ.

Украины Прокурорын ерөнхий газрын мэдээллээр, дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагын 18 ажилтан амиа алдаж, найман хүн хулгайлагдаж, гурван сэтгүүлч сураггүй болж, 13 хүн шархадсан байна. Үүнд украинчуудаас гадна Их Британи, Чех, АНУ, Дани, АНЭУ, Орос, Ирланд, Швейцар, Франц, Литва улсын хэвлэл мэдээллийн байгууллагын 19 ажилтан байна.

“DW” агентлаг “Үг хэлэх эрх чөлөө” шагналыг хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, санал санаачилгад 2015 оноос хойш олгосоор иржээ.

Холбоотой мэдээ