Товчхон
               

“Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаагийн нислэг үйлдэхээр судалж байна

               
2022-05-04 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамтаар аялал, жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж, тулгарч буй асуудлуудыг сонсож, шийдэл гаргах боломжийн талаар уулзалт зохион байгуулсан.

Үүнтэй холбоотойгоор Агаарын тээвэр, аялал, жуулчлалын салбар хоорондын хамтарсан зөвлөл хуралджээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын зүгээс иргэний агаарын тээврийн компаниуд жуулчдад хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад анхаарах ёстойг хэлээд, тарифын асуудлыг тусгайлан хэлэлцэх, авиа компаниудын өгсөн саналыг хүлээн авч, шийдлийг судлахаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан иргэний агаарын тээвэрлэгчдийн ажлын онцлог, цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож хамтарч ажиллахыг хүсэв. 

МИАТ ТӨХК зургаадугаар сарын 21-нээс Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаагийн нислэгийн давтамжтай болгохоор судалж байна. Улаанбаатар-Истанбул чиглэлд өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК долоо хоногт хоёр, Туркиш Эйрлайнз гурав удаа нисэж байгааг нэмэгдүүлэх саналыг Монголын Аялал жуулчлалын холбоо ТББ-аас гаргаад байна. 

Харин МИАТ ТӨХК Франкфурт чиглэлд таван удаа нислэг үйлдвэл Истанбул чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжгүйгээ илэрхийллээ. Гэвч Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр долоо хоногийн гурван удаагийн давтамжтай нислэг үйлдэх эрхтэй тул томилогдсон тээвэрлэгчид тохиролцвол нислэг нэмэгдүүлэх боломжтойг нэмж хэлэв.   

Харин орон нутгийн таван чиглэлд Аэро Монголиа ХХК дангаар нислэг үйлдэж байгаа. Хүннү Эйр ХХК 2022 оны долоо, наймдугаар сард Мөрөн, Өлгий, Даланзадгад чиглэлд долоо хоногийн 2 удаагийн жуулчин тээврийн захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна. Зуны цагийн хуваарьт Даланзадгад, Хөвсгөл чиглэлд өдөр бүр, Өлгий, Ховд, Увс, Улиастай чиглэлд  долоо хоногт гурваас доошгүй нислэг үйлдэж, үнэ болон хуваарийг эцэслэх хүсэлт гаргажээ. 

Иргэний агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлалын компаниудын хооронд харилцан сургалт хийх хэрэгтэй. Ингэснээр компаниудын уялдаа холбоо сайжрах чухал шаардлагатай байгааг Аэро монголиа компанийн төлөөлөл хэлсэн юм. 

Эх сурвалж: ЗТХЯ

Холбоотой мэдээ