Товчхон
               

Энэ сарын 14-нд Өвөрхангай аймагт мод тарих хөдөлгөөн дахин өрнөнө

               
2022-05-04 0

Өвөрхангай аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн мод бут тарилттай холбоотой мэдээллийг өглөө.

Аймгийн хэмжээнд мод бут тарих ажил өнгөрөгч амралтын өдрүүдэд эхэлсэн. Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсийн 12 га талбайд  төр, хувийн  хэвшлийн 116 байгууллага мод тарьж, ургамлан хашлага хийхээс 83 байгууллага оролцжээ.

Төв захын баруун талд банк санхүүгийн 13 байгууллагаас 6 байгууллага тариалалт хийсэн бол хуучин Цагаан хаалганаас зүүн тийш 1 км талбайд 28 байгууллага тариалалт хийх ёстойгоос “Содмонгол” ШТС, “Сансар”, “Номин” худалдааны төв болон Хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцсон байна.

Иймд үлдсэн байгууллагуудыг мод сөөгөө яаравчлан тарих шаардлагатай байгааг хэллээ. Энэ сарын 14-ний өдөр Арвайхээр сумын хэмжээнд мод тарих хөдөлгөөн өрнөх ба 20-ны өдөр бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах юм.

Мод бут тарьсан байгууллагуудаас технологийн алдаа гаргасан, мэргэжлийн хүнээс өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажиллаагүй асуудал гарсан тулд алдаагаа залруулж, дахин хийхийг санууллаа. Мод тарих өдрөөр байгууллагууд 9743 ширхэг мод бутыг тарьж, 50 мянга орчим тарьц суулгацын үрсэлгээг худалдан борлуулсан байна. 

Холбоотой мэдээ