Сурагчдаас мөнгө хураахыг таслан зогсоох үүрэг өгөв

               
2022-05-04 0

2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлттэй холбогдуулан сурагчдаас мөнгө хураахыг бүрэн зогсоож, хяналт тавихыг аймгийн Засаг дарга А.Ишдорж БШУГ-ын дарга Н.Чимэддорж-Ойдовт үүрэг болголоо. Эдийн засгийн эмзэг үед эцэг, эхийн нэрийг барин мөнгө хураах явдал байж болохгүйг сануулав.

Мөн томоохон улс, бүсийг хамарсан уралдаан, тэмцээнээс бусад арга хэмжээнд медаль өгөхийг болиулах шийдвэр гаргана гэв. “Хүүхдүүдэд гэхэд л үсэглэлийн баяр, төгсөлтийн баяр гээд оролцсон бүх арга хэмжээний тоогоор медаль өгдөг, хүүхэд бүр бараг өргөж даахгүй медальтай болж байна. Энэ нь нэгт хүүхдийг багаас нь эд материалын сонирхолтой болгож байгаа, хоёрт медалийг ямар  үнэ цэнэгүй болгож байна.

Нэг удаагийн уралдаан, тэмцээнд зөвхөн медалийн зардалд 2, 3 сая төгрөг ордог. Тэр медалиудыг Монголд үйлдвэрлэдэггүй, дандаа Хятадаас бэлдэцийг авч хийлгэдэг. Тэрний оронд баярын бичиг, батламжаа гардуулаад медальны мөнгийг нь өгчихвөл тухай хүндээ ч, аймаг орон нутагтаа ч хэрэгтэй” гэлээ.

Үүнтэй холбогдуулан захирамж гаргах аж. Мөн  аймгийн Засаг даргын 2022 оны А/136 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглоод байна.

Холбоотой мэдээ