Товчхон
               

“Усны салбарын манлайлагч” хөтөлбөр хэрэгжиж байна

               
2022-05-05 0

“Амжилт болгон өөр өөр” ТББ нь Олон Улсын Усны Нөөцийн Холбоо (International Water Resources Association) -ны Монгол дахь салбартай хамтран Усны Салбарын Манлайлагч хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөр нь дэлхий дахинд болоод Монгол орны усны салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдлэгээ дээшлүүлэх, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтаар олж нээх хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг сонгон шалгаруулж сургалтаа эхлүүлээд байна.

Уг хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 4-р сарын 1-нд болж өнгөрсөн бөгөөд уг арга хэмжээнд хөтөлбөрийн санхүүжүүлэгч байгууллага “Усыг бүгдэд сан” (Water for All) болон Эпирок Монголиа ХХК-ийн төлөөллүүд ирж оролцон өөрсдийн сэтгэгдэл, уг хөтөлбөрийг дэмжих болсон түүхээсээ хуваалцсан юм.

Мөн залуучуудаа дэмжиж алс холоос ч гэсэн мэндчилгээ ирж байсан бөгөөд үүнд Уур Амьсгалын Ногоон Сангийн Гадаад Харилцаа хариуцсан захирал С.Оюун болон Олон Улсын Усны Нөөцийн Холбооны гүйцэтгэх захирал Игнасио Дережибус (Ignacio Deregibus) нар оролцогчдод хандан үг хэлж, тэдний хөтөлбөрийн аялалд амжилт хүссэн юм.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтад сүүлийн жилүүдэд яригдаж буй тулгамдсан асуудлуудын нэг нь усны нөөцийн аюулгүй байдал болон байгаль орчны асуудлууд орж буйг Уур Амьсгалын Ногоон Сангийн Гадаад Харилцаа хариуцсан захирал С.Оюун онцолсон бөгөөд энэ цаг үед уг хөтөлбөрийг залуус өөрсдөө санаачлан хэрэгжүүлж буйд талархаж буйгаа мөн илэрхийлсэн юм. Тэрээр “Залуучууд усны салбарт тулгамдаад буй асуудлыг дор бүрнээ шийдэхийн төлөө уг хөтөлбөрт оролцож буй нь чухал юм. Ямар ч хүн, ямар ч залуу хүн өөрчлөлтийг авчирч чаддаг. Заавал өөрийгөө дайчлах ёстой, асуудлыг ойлгох хэрэгтэй, түүнийгээ шийдэхийн төлөө идэвхтэй явах ёстой, хамтрах ёстой” хэмээн онцоллоо. 

Арга хэмжээний үеэр оролцогчид өөрсдийгөө танилцуулсан бөгөөд төр, академи, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болсон залуус байгаль дэлхийгээ хамгаалах, Монгол хүн бүрийн уух усны чанарыг сайжруулах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн нь танилцуулгын үеэр энэ салбарт орох болсон шалтгаан, түүх, туршлагаас нь харагдаж байлаа.

зураг

Мөн нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын дарга Ш.Мягмар зочин илтгэгчээр хүрэлцэн ирсэн ба усны салбарын хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэж буй дотоодын сургууль, мэргэжлийн чиглэлийг танилцуулахаас гадна залуучуудын оролцоо, тэдний идэвх санаачилга нэн шаардлагатай талаар дурдаад цаашид тэднийг дэмжин хамтарч ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.

зураг

Энэхүү нээлтийн арга хэмжээ залуучууддаа урам зориг хайрласан, хоорондоо танилцсан үйл ажиллагаа болж өндөрлөв. Цаашдаа оролцогч залуучууд салбарын мэргэжилтнүүдээс суралцаж, салбарын асуудлаа цогцоор нь харж, шийдвэрлэх ур чадваруудыг эзэмшихээс гадна усны салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр болоод байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм. Ингэснээр тал бүрийн мэдлэг туршлага хуримтлуулж, түүн дээрээ үндэслэн усны салбарт тулгамдаад буй асуудалд шийдвэрлэх арга замыг тодорхойлох даалгавар гүйцэтгэнэ.

зураг

Энэхүү хөтөлбөр нь 2022 оны 9-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд мэргэжлийн хичээл сургалт орсон хорь гаруй мэргэжилтэн эрдэмтэд багийн даалгавруудыг үнэлж дүгнэн, цаашид уг шийдлүүдийг бодит ажил хэрэг болгох ч боломжтой болох юм. Хөтөлбөрийн хамгийн чухал үр дүн нь хөтөлбөр дууссан ч оролцогчид, залуу мэргэжилтнүүд байнгын холбоотой байж, асуудал шийдлээ ярилцаж, туршлагаа хуваалцдаг платформ, идэвхтэй залуусын сүлжээ бий болох, цаашлаад салбарын асуудлыг олон талаас хардаг, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэдэг залуусын нэгдэл бий болох билээ.

Хөтөлбөрийн талаарх мэдээллийг сонирхож байвал Water Leadership Program фэйсбүүк хаягийг дагах мөн waterleadershipmongolia@gmail.com хаягаар тус тус холбогдох боломжтой.

Холбоотой мэдээ