Товчхон
               

Европын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

               
2022-05-05 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.

ЗТХЯ-наас гадаад худалдааны эргэлтийг нэмэх, автотээврийн салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон улсад мөрдөгдөж буй эрх зүйн хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх, Монгол Улсын тээвэрчид, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалахын тулд  олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон гэрээ, хэлэлцээрт нэгдэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд НҮБ-ын олон улсын тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын горимыг мөрдөх, хөдөлмөрийн нөхцөлийг хангах “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр (AETR)”-т нэгдэн орохоор хуулийн төслийг боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар чуулганд танилцуулав. 

Уг хэлэлцээрт нэгдсэнээр, олон улсын болон үндэсний хэмжээнд ачаа тээвэрлэж буй жолооч, тээвэрчдийн ажил, амралтын дэглэмийг мөрдөх, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтэд олон улсын жишигт нийцсэн техник технологи ашиглах, Монголын тээвэрчид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд онцолсон юм. Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хамт Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Улаанбаатар-Дарханы түр замыг сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.

ЗТХЯ, ТЦА-наас тус замын 2, 4 дүгээр багцын түр замд цагдаагийн пост ажиллуулж байгааг ЗТХ-ийн сайд Л.Халтар онцоллоо. Мөн тэрбээр, “Техникийн бүрэн бус байдал, хурд хэтрүүлэхээс бусад тохиолдолд буюу түр замын муугаас болж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирвол гүйцэтгэгч компани хариуцлага хүлээх ёстой. Олон улсын гэрээнд ч ийм заалт бий. Мөн манай яам гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд энэ заалтыг оруулсан. Тус замын бүтээн байгуулалтын ажил жигдэрсэн байгаа” гэлээ.

Ингээд “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг чуулганд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ