Товчхон
               

АНУ-ын эдийн засаг сүүлийн 10 жилийн хамгийн муу байдалд байна

               
2022-05-05 0

АНУ-ын эдийн засаг сүүлийн 10 жилийн хамгийн муу байдалд байгааг “CNN” сувгийн захиалгаар “SSRS” албанаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, америкчуудын ердөө 23 хувь нь улс орныхоо эдийн засгийг нааштай дүгнэж байна. АНУ-ын эдийн засгийн байдалд сэтгэл ханамжийн үзүүлэлт хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард хамгийн бага түвшинд байсан бөгөөд судалгаанд оролцогчдын дөнгөж 18 хувь нь тус улсын эдийн засгийн байдалд сэтгэл хангалуун байжээ. Харин 2021 оны 12 дугаар сард америкчуудын 37 хувь нь улс орныхоо эдийн засгийн байдлыг эергээр үнэлж байсан байна.

Санал асуулгад оролцогчдын тал гаруй нь буюу 55 хувь нь эдийн засгийн байдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны бодлого дордуулсан гэж үзэж байна. Тус улсын эрх баригчдын энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа хүмүүсийн тоо өнгөрсөн оны 12 дугаар сартай харьцуулахад 10 хувиар өсжээ.

Судалгааг дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний хооронд явуулсан бөгөөд АНУ-ын насанд хүрсэн 1007 хүн хамрагдсан байна.

Дөрөвдүгээр сард нийтлэгдсэн Олон улсын валютын сангийн тайлан мэдээнд дурдсанаар, АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Худалдааны яамных нь мэдээллээр, тус улсын ДНБ энэ оны эхний улиралд жилийн дунджаас 1.4 хувиар буурсан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл өндөр инфляц АНУ-ын эдийн засгийг уналтад хүргэхгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ