ФОТО: УИХ-ын гишүүн Т.Доржханд тайван жагсаал зохион байгуулж байна

               
2022-05-05 0
Зургийн эх сурвалж: MPA

ХҮН намаас өнөөдөр төв талбайд “Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” хэмээх тайван жагсаалыг зохион байгуулж байна.

Уг жагсаалаар сонгуулийн тогтолцоог өөрчилж, эдийн засгийн бүтэц зохион байгулалтыг сайжруулахыг уриалж байгаа юм.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Монгол Улсад эрүүл саруул сэтгэдэг, тойрогтоо биш хөгжлийн санхүүжилт хийдэг, зоригтойгоор дэд бүтэц, төмөр санхүүжүүлдэг, гаднаас мөнгө босгож, түүнийгээ үр дүнг хүргэж чаддаг Засгийн газар, төр хэрэгтэй. Гэтэл одоо байгаа тогтолцоогоороо эдгээрийг үнэхээр хийж чадахгүй юм байна.

УИХ-ын бүх гишүүнтэй уулзахад чиний санаа зөв ч тогтолцооны хувьд боломжгүй гэж байна. Энэ тогтолцоог өөрчилье гэхээр тэгвэл сонгогдохгүй шүү дээ гэдэг. 

Сонгогдохын тулд бэлэг тараадаг, жорлонгийн асуудал ярьдаг, цемент зуурдаг болсон. Харин би эсрэг бодолтой байна. Дараагийн удаад сонгогдох эсэх нь хамаагүй, иргэдтэйгээ ойлголцохыг хичээе, оролдоод үзье. Тиймээс тайван жагсаал хийж байна. Түүнээс биш тогтворгүй байдал үүсгэх санаа агуулаагүй бөгөөд ажлаа сайн хий гэж байгаа юм” хэмээв. 

Жагсаалд оролцож буй иргэн “Би бизнес эрхлэгч. Өнөөдөр жагсахын оронд ажлаа хийж, баялаг бүтээх ёстой хүн. Гэтэл төр засгийн арчаагүй байдлаас шалтгаалж, бизнесийн орчин их хүнд болсон. Хил гааль хаалттай, түүхий эд, бараа бүтээгдэхүүн үнэ хэтэрч байна. Бизнес эрхлэх боломжгүйд хүрч байгаа учраас эсэргүүцэж, байгууллагаараа дуу хоолойгоо илэрхийлэн оролцож байна. Ажлаа хий гэж өмнө нь жагссан ч ажлаа хийсэнгүй. Өөрсдөө хэмнэж, зөв менежмент хийж чадахгүй байна” гэв.

Холбоотой мэдээ