Товчхон
               

Баян-Өлгийд 180,1 мянган толгой үхэрт шүлхий өвчний эсрэг вакцин тарив

               
2022-05-05 0

Улсын онцгой комиссын 2022 оны “Мал амьтны гоц халдварт өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2022 оны  А/245 дугаар захирамжийн дагуу шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Шүлхий өвчний яаралтай дархлаажуулалтыг бүх сумдад зохион байгуулахад шаардагдах зардал болох 14 сая төгрөгийг аймгийн Онцгой комиссын хурлаар Гамшгийн нөөц сангаас шийдвэрлэн өгсөн байна.

Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажилд нийт 56 ажлын хэсэгт 60 мал эмнэлгийн нэжийн 95 малын эмч, 97 туслах ажилтан, 91 багийн дарга, 36 жолооч оролцжээ.

Мал эмнэлгийн газрын даргын тушаалаар 13 сумын 12590 өрхийн 164800 толгой үхрийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 163100 толгой үхрийг хамруулж, 99 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн байна. Харин өнгөрсөн саруудад шүлхий өвчин гарсан Алтанцөгц, Бугат, Баяннуур сумдын 17535 толгой толгой үхэрт вакцин тарьсан. Ийнхүү 2021 оны сүүлээр тоологдсон 182,1 мянган толгой үхрийн 180,1 мянга нь дархлаажуулалтад хамрагдсан байна. 

Баян-Өлгий аймаг дахь шүлхий өвчний нөхцөл байдлын талаар дурдахад, Алтанцөгц, Бугат сумдын хязгаарлалтын дэглэмийг энэ сарын 2-ны өдрөөс цуцаллаа.

Харин Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн тул өвчний голомтыг хумих, таслан зогсоох, бусад нутаг дэвсгэрт тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” сумын Засаг даргын захирамж гарч, 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Хулст, Түнхээт, Уршит гэдэг газруудад байнгын хяналтын цэг ажиллуулж байгаа. Тухайн нутагт хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хориглоод байна. 

Холбоотой мэдээ