Товчхон
               

“ОПЕК+” олборлолтоо үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээр тохиролцжээ

               
2022-05-06 0

“ОПЕК+” бүлгийн орнууд нефтийн олборлолтоо урьд нь тохиролцсоны дагуу зургаадугаар сар хүртэл хоногт 432 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцлоо гэж сайд нарын түвшинд хийсэн 28 дахь уулзалтын дараа тус байгууллага цахим хуудсандаа мэдээлжээ.

“Сайд нарын 19 дүгээр хурлаар батлагдсан олборлолтын зохицуулалтын төлөвлөгөө, мөн сарын нийт олборлолтыг 2022 оны зургаадугаар сарын дараагийн уулзалт хүртэлх хугацаанд өдөрт 432 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрийг бид баталлаа” гэж мэдээлэлд дурдсан байна. 

Одоогийн байдлаар нефтийн зах зээлийн тэнцвэрт байдал болон суурь үзүүлэлтүүд нь хэвээр  байгааг “ОПЕК+” буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн орнууд болон гишүүн бус 11 орны сайд нар онцлон тэмдэглэжээ.

“ОПЕК+” 2017 оноос хойш газрын тосны олборлолтын түвшинг хамтран зохицуулж байгаа юм.

Саудын Араб болон ОХУ цаашид олборлолтынхоо хэмжээг тохиролцох хүртэл өдөрт 9.7 сая торхоор бууруулах гэрээний нөхцөл 2020 оны гуравдугаар сар хүртэл хүчинтэй байжээ. Үүний дараа нефтийн үнэ 30 гаруй хувиар буурсан байна.

Коронавирусний цар тахлын үеэр “ОПЕК+”-ийн орнууд олборлолтынхоо нийт хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцож, 2021 оны долоодугаар сард болсон уулзалтын үеэр энэ шийдвэрийг бататгасан байна. 

Өнгөрсөн онд газрын тосны хамгийн том хэрэглэгчид болох Хятад, Япон, Энэтхэг, АНУ зах зээлийн үнийг буулгахын тулд олборлолтоо цаашид нэмэгдүүлэхийг хүссэн ч “ОПЕК+”-ийн орнуудын сайд нар олборлолтыг аажмаар нэмэгдүүлэх анхны төлөвлөгөөгөө өөрчлөөгүй юм.

2022 онд нефтийн зах зээлд илүүдэл бий болно гэж “ОПЕК+”-ийн Техникийн хороо өмнө нь таамагласан байна. Тодруулбал, энэ онд өдөрт 1.7 сая торх нефтийн илүүдэл бий болно гэж таамаглажээ. 

“ОПЕК+” бүлгийн гишүүн орнуудын сайд нар сар бүр уулзаж, олборлолтынхоо хэмжээг шийдэж байгаа юм.

Холбоотой мэдээ