ЭМЯ: Эрт илрүүлэг, үзлэгийн багцын мэдээлэл

               
2022-05-06 0
Зургийн эх сурвалж: MPA

Энэ сарын 1-нээс урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг орон даяар эхэллээ. Энэ удаад ЭМЯ насны бүлгийн онцлогт тохируулан, харилцан адилгүй багц бэлдсэнээрээ онцлог.

0-5 насны хүүхдүүдийг эрт илрүүлэгт анх удаа хамруулна. Манай улсад 0-5 хүртэл насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл түгээмэл байгаа тул энэ насныхныг шүдний эмчид үзүүлнэ. Мөн хүүхдүүдэд шүд угаах аргачлалыг заан, эрүүл ахуйн зөвлөгөө өгөх юм. 

6-17 насныхны өсөлт хөгжлийг тодорхойлно Манай улсад сүрьеэгийн бүртгэгдсэн тохиолдлын 10 мянган хүн ам тутамд ногдох түвшин 15-34 нас, 65-аас дээш насанд өндөр байдаг. Иймд 6-17 насныхнаас сүрьеэгийн илрүүлгийг асуумж асуух замаар хийнэ.

Тодруулбал, сүрьеэгийн шинж тэмдэг, зовуурын зургаан асуултад тавина. Мөн тархвар судлалын гурван бүлэг асуулт асуун, үнэлгээгээр 3 ба түүнээс дээш оноо авбал сүрьеэгийн сэжигтэй гэж үзэх юм. ДЭМБ сүрьеэтэй тэмцэхэд зарцуулсан нэг ам.доллар 43 ам.долларын  өгөөжтэй байдгийг тогтоожээ.

18-30 насны иргэд сэтгэцийн эрүүл мэндээ үнэлүүлэхийн сацуу зургаан төрлийн шинжилгээ өгнө.

Аль насныханд ямар шинжилгээ, үзлэг хийхийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд сүүлийн нэг жилийн турш боловсруулжээ. Манай улсад зонхилон тохиолдож буй өвчнүүд болон нас баралтын тэргүүлэх шалтгаанд үндэслэн багцын үзлэг, шинжилгээг тогтоосон байна

2020 оны жилийн эцсийн байдлаар манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд

-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин,

-Амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин,

-Шээс бэлгийн тогтолцооны эмгэг,                      

-Хордлого болон гаднын шалтгаант бусад эмгэг оржээ.

Нас баралтын тэргүүлэх шалтгаанд

-Зүрх судасны тогтолцооны өвчин

-Хавдар, гэмтэл, хордлого

-Гаднын шалтгаант бусад тодорхой эмгэг

-Хоол боловсруулах тогтолцооны өвчин

-Амьсгалын тогтолцооны өвчин зонхилжээ.

Танд өрх, сумын эмнэлгээс тань эрт илрүүлэгт хамрагдах урилга илгээсэн даруйд та урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах юм. 

Холбоотой мэдээ