НҮБ: 2021 онд 40 сая орчим хүн “хүнсний ноцтой хомсдол”-д орсон

               
2022-05-06 0

Мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хямрал зэрэг нь хүмүүсийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсний улмаас өнгөрсөн онд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 193 саяд хүрч нэмэгдсэн хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /FAO/ лхагва гарагт мэдээлэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын жил бүр гаргадаг тайланд дурдсанаар, 2021 онд 40 сая орчим хүн “хүнсний ноцтой хомсдол”-д орсон гэжээ.

НҮБ-аас “Хүнсний ноцтой хомсдол” гэдгийг аливаа хүн амь нас, амьжиргааны эх үүсвэр болохуйц хангалттай хэмжээний хоол, хүнс олж авах чадваргүй байдал гэж тодорхойлдог.

Хүнсний хомсдолд орсон 53 орноос нөхцөл байдал хамгийн хүнд байгаа нь Ардчилсан Конго, Этиоп, Йемен, Афганистан улсууд юм. Талибууд 2021 онд засгийн эрхийг авсны дараа Афганистан улс санхүүгийн хямралд орж, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Хүнсний хөтөлбөр, Европын холбоо зэрэг байгууллагууд 2016 онд анх өлсгөлөнгийн талаарх тайланг нийтэлснээс хойш энэ тоо улам өссөөр байна.

Хямралд нэрвэгдээд буй бүс нутгуудын нөхцөл байдлыг тогтворжуулах, сайжруулах, орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тус байгууллагаас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ