Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын таван багцын ажлын явц

               
2022-05-06 0
Зургийн эх сурвалж: MPA

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцын талаарх мэдээллийг хүргэе. 

“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд тус чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг таван багц хэсэгт хуваан ажлыг эхлүүлсэн. 

  • Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто зам юм. Ажлын талбайд 23 хүн, дөрвөн техник тоног төхөөрөмж ажиллаж, тус хэсгийн хучилтын ажил дуусжээ.
  • Багц 2: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км зам юм. Ажлын явц 22.2 хувьтай үргэлжилж байгаа. 
  • Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам. Ажлын талбайд 62 хүн, 25 техник тоног төхөөрөмж ажиллаж, хучилтыг дуусгажээ. Тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. 
  • Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндиий хүртэлх 45.08 км зам. Уг замын ажлын явц 10.4 хувьтай явагдаж байгаа. 
  • Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам. Ажлын талбайд 49 хүн, 16 техник тоног төхөөрөмж ажиллаж байна. Ажлын талбайд төмөр замын гурван гарамын ажил, тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажил хийгдэж байна. Нийт ажлын явц 60.7 хувьтай явагдаж байгаа аж. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдээлэл өгч байв. 

Түүнчлэн хоёр, дөрөвдүгээр багцын 90.5 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд нээх амлалтыг замын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд өгөөд байна. 

Тус чиглэлийн авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад буй.

Холбоотой мэдээ