Товчхон
               

Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

               
2022-05-06 0

Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар шууд торгох шийтгэл оногдуулдаг байдлыг багасгах, зөрчлийн үйлдлийг тодорхой болгох, тухайн зөрчлийг аль болох төрийн хяналтын шалгалтын хүрээнд шийдвэрлэх замаар зөвлөн туслах, сануулах, зөрчлийн хор уршгийг арилгах боломжийг олгох тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад зарим өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалтад Нийгмийн даатгалын болон Татварын тухай хууль зөрчих, Өрсөлдөөний тухай хууль зөрчих үйлдлийн хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан.

Түүнчлэн шийтгэлийн төрлийг нэмэгдүүлж “сануулах” шийтгэлийг шинээр бий болгохоор тусгалаа.

Өөрөөр хэлбэл, хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд тухайн зөрчлийн үр дагаварыг тайлбарлаж, зөрчлийг арилгах боломж олгохыг сануулахаар тусгалаа. Ийнхүү торгохоос өмнө сануулдаг байх зохицуулалт нь нийт зөрчлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн үйлдэлд бараг бүхэлдээ хамрагдахаар тусгасан нь иргэдэд учирдаг хүндрэл бэрхшээлийг багасах, нөхцөл бүрдэнэ.

Манай улсад торгох шийтгэлийн биелэлт ялангуяа бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгох шийтгэлийн биелэлт туйлын хангалтгүй байсаар байна. Энэ нь зөрчлийн үйлдэлд оногдуулсан шийтгэлийг иргэн, хуулийн этгээдэд зарим нь биелүүлдэг, зарим биелүүлдэггүй байдал бий болох хандлагатай байна. Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар биелэгдээгүй торгох шийтгэлийн нийт 66 орчим тэрбум төгрөгийн мөнгөн дүнгийн 50 хувийг өршөөн чөлөөлж 33 орчим тэрбум төлөгдөхөөс үүний 41 хувь 13 тэрбум төгрөгийн торгох шийтгэлийн дүн бодитоор биелэгдсэн байна. Үүнээс харахад шийтгэлийн шинэ төрөл, уян хатан механизмыг бий болгох, хуулийн хэрэгжилт тэгш байдлаар, бүрэн хангагддаг байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага байна” гэв.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 2 дахин хөнгөрүүлдэг байх зохицуулалтыг тусгажээ.

Харин нийтийн эрх ашгийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, ФАТФ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагаар Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад заасан зөрчлийн шийтгэлийг хөнгөрүүлэх зохицуулалтад мөн хамааруулахгүй байхаар тусгасан. Хуулийн хэрэгжилт хэлбэрэлтгүй хангагддаг байх өөр нэг хөшүүргийг бий болгохоор зорьсон нь торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд үзүүлэх төрийн зарим төрлийн үйлчилгээг хязгаарладаг байх зохицуулалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл, торгох шийтгэлийг биелүүлээгүй этгээдэд жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, гадаад паспорт олгох, төрийн албаны шалгалтад оролцох, хуулийн этгээдийг тендер сонгон шалгаруулалтад оролцох зэрэг эрхэд нь хязгаарлалт хийж болох зохицуулалтыг тусгасан гэж байлаа.

Түүнчлэн баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харьцангуй өргөжүүлэн тусгасан. Ийнхүү шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба жирэмсэн эмэгтэй, 0-3 насны хүүхэдтэй эх, арван зургаа хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа 70, түүнээс дээш хувь алдсан хүн, хүнд өвчтэй хүнийг асран хамгаалж байгаа хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай хүнд оногдуулахгүй байхаар тусгасан бөгөөд энэ хэсэгт заасан “хүндэтгэн үзэх бусад шалтгаан”-ыг шүүхээс тогтоон хэрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болсон. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийн тоо 10 байсан. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс хөрөнгө завших, хулгайлах зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд тусгах болсонтой холбоотойгоор, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан зөрчил оногдуулах баривчлах шийтгэлийг хасаж, харин түүх, соёлын дурсгал зүйлийг эвдсэн, гэмтээсэн, устгасан зөрчлийг баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгаж, нийт 7 зөрчилд баривчлах шийтгэл хүлээлгэхээр тусгасан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд эхний ээлжид сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг төлсөн байдлыг харгалзахаар тусгасан. Мөн жагсаал цуглаантай холбоотой зөрчлийн зарим үйлдэлд эхний ээлжид сануулах шийтгэл оногдуулах, мөн гамшгийн үеийн хорио цээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд оногдуулж байсан баривчлах шийтгэлийг хасаж, Зөрчлийн тухай хуулийн төслийг дагалдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлж 3 хоногийн дотор хариу авахаар тусгасныг 1 хоног болгон өөрчлөхөөр тусгасан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа юм байна.

Хуулийн төслийн тусгай ангид заасан 104 зөрчлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй уялдуулан тодорхойлжээ. Тухайлбал, гэмт хэрэгтэй давхардуулан хуульчилсан 23 зөрчил, хэрэглэхэд хүндрэлтэй, ойлгомжгүй байсан 81 зөрчлийн шинжийг нарийвчлан тодорхойлсон байна. Сонгуулийн тухай хууль зөрчих зөрлийн үйлдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдэд нэгэн адил шаардлага тавьж, оногдуулах шийтгэлийг нэгэн адил байхаар тусгасныг анхаарч, эдгээрээс засаг захиргааны хамгийн бага нэгж болох сумд нэр дэвшигчийн зарим төрлийн зөрчлийн үйлдэлд тусгайлсан зохицуулалтыг бий болгосон гэлээ.

Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Хуулийн төслийг parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно.

Тэрбээр танилцуулгадаа, хууль санаачлагч хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг шинээр хуульчлах, торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг хязгаарлах, торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай байхаар тусгах, торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлбэл 2 дахин хөнгөрүүлэх, зарим төрлийн зөрчилд оногдуулсан торгуулийг хугацаандаа төлөөгүй бол баривчлах шийтгэлээр солих, шинээр баталсан зарим хуулийн зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах зэрэг зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд сануулах шийтгэлийн төрлийг шинээр оруулж ирж байгааг дэмжиж, хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах талаар санал хэлсэн болно. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ц.Сандаг-Очир, Х.Бейсен, Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, Ц.Туваан, С.Чинзориг, Н.Энхболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүний эрх зөрчих, нийгэмд тодорхой хэмжээний хор хохирол учруулж байгаа хүчирхийлэл, садар самууныг сурталчилж байгаа асуудал дээр сануулах шийтгэл оногдуулах нь оновчтой эсэх, хуулийн төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчлүүд дээр нийт хэчнээн төрөлд сануулга арга хэмжээ авахаар тусгасныг лавлаж байлаа. Мөн хуулийн төсөлд торгууль шийтгэлээ төлөөгүй этгээдэд хүлээлгэх зохицуулалт тусгасан эсэх, цаашлаад улсын төсвийн бүрдүүлэлтэд торгуулийн шийтгэлд төлсөн төгрөг хэдэн хувийг эзэлдэг талаар тодруулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариултдаа, Шинэчилсэн найруулга байдлаар оруулж ирсэн хуулийн төсөлд үзэл баримтлалыг гурван хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэмж, хасах эрх нь гишүүдэд байгааг тодотгоод сануулах арга хэмжээг оруулж ирсний үндсэн агуулга нь Монгол Улсад хариуцлагын нэгдсэн тогтолцооны бүтцийг өөрчлөхөд чиглэснийг онцолсон. Тэрбээр, төр торгож шийтгэхээс илүүтэй, зөвлөдөг, шалган тусалдаг чиглүүлдэг хяналт шалгалтын тогтолцоо, механизмыг ажиллуулах агуулгаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэж байлаа.

Сануулах шийтгэлийг иргэнтэй холбоотой 91, хуулийн этгээдийн 21 төрлийн үйлдэл дээр хэрэглэж байна.

Эдгээр зөрчлийн нийт 93 орчим хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой зөрчил эзэлж байгаагийн 36 үйлдэл дээр сануулга шийтгэлийг хүлээлгэхээр төсөлд тусгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нэмэлт тайлбарыг өгсөн. Мөн тэрбээр, торгох шийтгэлийн биелэлтийг хангуулах үүднээс хүний суурь эрхийг хөндөхгүйгээр зарим төрлийн төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Түүнчлэн торгох шийтгэлээс төсөв бүрдүүлдэг гэх хардлага нийгэмд байдаг ч улсын төсөвт жилдээ 60 орчим тэрбум төгрөг ордог, үүний тодорхой хувийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу орон нутагт нь зарцуулдаг. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр торгуулийн орлогын 50 орчим хувийг камержуулалтад зарцуулахыг УИХ-аас хуульчилж өгсөн гэж байлаа.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ