
Зургийн эх сурвалж: MPA
УИХ-ын 2016 оны 38 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын талаарх Засгийн газрын саналыг яаралтай ирүүлэх шаардлагыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр хүргүүллээ.
Тэрбээр уг шаардлагын талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ, “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоог цуцалсан Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын 38 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг багцаар нь нягт уялдаатай боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно” гэлээ.

0 cэтгэгдэлтэй