
Өмнөд Солонгос болон Netflix-ийн хамтран ажилласан “The Sound of Magic” хэмээх уран зөгнөлт мюзикл цуврал энэ долоо хоногийн сүүлээр цацагдахаар болжээ.
Тус кино Ха Ил Квоны 2010 онд гаргасан “Аннарасуманара” хэмээх вэб манхванаас сэдэвлэсэн бөгөөд нууцлаг илбэчин Ли Юл хаягдсан цэцэрлэгт хүрээлэнд амьдардаг тухай түүхийг өгүүлдэг. Тэрбээр Ах-И хэмээх өсвөр насны ахлах сургуулийн сурагчид ид шидээрээ мөрөөдлөө олоход нь тусалдаг байна.
Найруулагч Ким Сон Ён хэвлэлийн бага хурал дээр “Энэ бүтээлээрээ насанд хүрсэн байх нь юу гэсэн үг вэ, аз жаргалтай амьдрал гэж юу болох талаар үзэгчдээс асуух болно” гэжээ.
“Itaewon Class” (2020) телевизийн олон ангит кино, “Сарны гэрэл дэх хайр” (2016) зэрэг түүхэн сэдэвт кинонуудыг найруулсан Ким Сон Ёнд энэхүү бүтээл манхва хэлбэрээрээ маш таалагдсан тул телевизийн бүтээл болгохоор шийдсэн тухайгаа хуваалцжээ. Зохиогчийн эрхийн асуудлаас болж тэрбээр анхны комик хэвлэгдсэнээс хойш 10 жилийн дараа л хүсэж байсан ажилдаа орох боломжтой болсон гэнэ.

Тэрбээр, “Зохиогчийн эрхийн асуудал шийдэгдсэний дараа эхийг дахин уншихад миний зүрх сэтгэлд арай өөр сэтгэгдэл төрүүлсэн” гэжээ.
Эх сурвалж: Yonhap news

0 cэтгэгдэлтэй