Товчхон
               

Хятадын ДНБ 8.1 хувиар өсжээ

               
2022-01-17 0

БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд 8.1 хувиар өссөн тухай тус улсын Үндэсний статистикийн товчоо (ҮСТ) даваа гарагт мэдээллээ. Энэ нь 2011 оноос хойш тус улсын ДНБ хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

ОУВС болон Дэлхийн банк тус улсын ДНБ-ийг 8 орчим хувиар өснө гэж таамаглаж байсан бол тэдгээрийн таамаглалыг ялимгүй хувиар давж, ДНБ нь 110 их наяд юань буюу 17.3 их наяд ам.долларт хүрчээ.

Мөн 2021 оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өссөн ажээ.

Хятад улсын ДНБ 2020 онд 2.3 хувиар өссөнөөр эдийн засаг нь өсөлттэй гарсан цорын ганц томоохон эдийн засагтай улс болж байсан юм.

Хэрвээ сүүлийн хоёр жилийн хугацаан дахь Covid-19 цар тахлын суурь сөрөг нөлөөг харгалзан үзэж, өсөлтийг илүү бодитойгоор үнэлж дүгнэвэл Хятадын ДНБ-ий өсөлт 2020-2021 онд 5.1 хувиас багагүй гарч байна гэж Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид болон шинжээчид үзэж байна. 

Хятадын Шинжлэх ухааны академийн урьдчилан таамаглаж буйгаар, 2022 онд тус улсын эдийн засгийн сэргэлт үргэлжилж, ДНБ нь багаар бодоход 5.5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. 

Мөн Хятадын ҮСТ-ны мэдэгдсэнээр, Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 12,551 ам.доллар болсноор нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээгээр Дэлхийн банкнаас тодорхойлсон “өндөр орлоготой улс”-д ойртож, нэг хүнд ногдох ДНБ-ий дэлхийн дундаж үзүүлэлтийг гүйцэж түрүүлжээ.

Түүнчлэн 2021 онд Хятадын гадаад худалдааны хэмжээ 6.05 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын гадаад худалдааны хэмжээ түүхэндээ анх удаа 6 их наяд ам.долларын босго давсан үзүүлэлт болжээ.

Холбоотой мэдээ