Товчхон
               

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд гэнэтийн айлчлал хийжээ

               
2022-05-09 0

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украины баруун өмнөд нутгийн Ужгород хотод Ээжүүдийн өдрөөр гэнэтийн айлчлал хийжээ.

Тэрбээр дүрвэсэн иргэдийг түр байрлуулж буй сургуулийн байранд Украины тэргүүн хатагтай Олена Зеленскатай уулзсан байна. О.Зеленскагийн хувьд хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш олон нийтийн өмнө харагдаагүй байсан юм. Тэргүүн хатагтай нарын уулзалт цаг орчим үргэлжилжээ. 

“Миний бие Ээжүүдийн өдрөөр энд ирэхийг хүссэн юм. АНУ-ын ард түмэн Украины ард түмэнтэй хамт” гэж Жилл Байден хэлсэн байна. Тэргүүн хатагтай сүүлийн 10 долоо хоногийн турш дайнд нэрвэгдээд буй Украинд айлчилсан АНУ-ын хамгийн нэр нөлөө бүхий хүн, Ерөнхийлөгч Жо Байдены гэр бүлийн анхны гишүүн болж байна.  

ОХУ-ын түрэмгийллийн эхэн үед Жилл Байденд захидал илгээсэн О.Зеленска сүүлийн долоо хоногуудад түүнтэй холбоотой байсан талаар АНУ-ын холбогдох албаны төлөөлөгчид “CNN” телевизэд мэдээлжээ. О.Зеленска уулзалтын үеэр орчуулагчаар дамжуулан, “Юуны түрүүнд өдөр бүр цэргийн ажиллагаа явагдаж, агаарын дуут дохио дуугарч байгаа дайны үеэр ирэх маш зоригтой шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн байна.

АНУ-ын тэргүүн хатагтай Европт хоёр хоног айлчлах хугацаандаа Румын, Словакийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзалт хийснээс гадна Украины дүрвэгсэдтэй уулзсан байна. Тэрбээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд гол анхаарлаа хандуулжээ.

Жилл Байдены Украинд хийсэн айлчлал нь 2008 онд Лаура Буш Афганистанд нууц айлчлал хийснээс хойш АНУ-ын тэргүүн хатагтай байлдааны бүсэд айлчилсан анхны тохиолдол болжээ. Жилл Байден мөн 2010 онд дэд Ерөнхийлөгчийн гэргийн хувиар Иракт очиж байжээ.

CNN

Холбоотой мэдээ