Товчхон
               

Завхан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 114 сая төгрөг зарцуулна

               
2022-05-09 0

Завхан аймаг эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилттойгоо уялдуулан, сумдад жижиг үйлдвэр байгуулж байгаа иргэдэд олгохоор шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн ээлжит хурал болж, дараах санхүүгийн дэмжлэгүүдийг хэлэлцэн баталлаа. Энэ жил шинээр хоёр хөтөлбөр нэмж батлан улсын хэмжээнд долоон хөтөлбөр 28 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар батлагдсан байна.

Тухайлбал, нийтийг хамарсан ажлын байр хөтөлбөрийн хүрээнд 24 суманд 500 ажлын байрыг бий болгоход 200 сая төгрөг зарцуулна. Мөн ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд 18 сумын 23 ахмадад 24.84 сая төгрөг. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 22 сумын 58 малчныг малжуулахад 254 сая төгрөгийг тус тус зарцуулж, 116 ажлын байрыг бий болгохоор шийдвэрлээд буй. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд ажлын байрыг дэмжихэд 30 иргэнд 300 сая төгрөгийг олгоно. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжихэд 18 иргэнд 144 сая төгрөг, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 101 иргэнд 10.7 сая төгрөгийг олгох юм. Мөн ахмад настан 20 иргэнд 100 сая төгрөг, нийт 554.7 сая төгрөгийн дэмжлэгийг олгосноор аймгийн хэмжээнд нийт 169 ажлын байр бий болох юм.

Завхан аймаг сум бүртээ ажлын байрыг нэмэгдүүлнэ

Завхан аймаг “хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилтыг дэвшүүлэн багагүй ажлыг бодлогоор дэмжиж хийж буй.

Тэгвэл аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн энэ удаагийн хурлаар эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг иргэдэд олгохоор болсон. Учир нь хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилттойгоо уялдуулан аймгийн 24 суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх, сонирхолтой, жижиг үйлдвэрлэлээ эхлүүлсэн, ажил хэрэг болгосон иргэддээ эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлснээр 170 орчим байнгын болон түр ажлын байрууд сум бүрд бий болох юм.

Мөн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орон нутгийн санаачилгын төслийг хэлэлцэн баталлаа. Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж буй ажилгүй хүний тоо 1110 болж өнгөрсөн оны мөн үеэс 32.0 хувиар буюу 272 хүнээр нэмэгдсэн байна. Тиймээс ажил идэвхтэй хайж буй иргэдийг байнгын болон түр ажлын байраар хангах аймгийн бодлогыг ажил хэрэг болгох нь чухал юм гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөлийн хурлын үеэр онцолж байв. 

Холбоотой мэдээ