Товчхон
               

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

               
2022-05-10 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.  

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Усны тухай хууль анх 2004 онд батлагдаж, 2012 онд тус хуулийг шинэчилэн найруулсан, нийт зургаан удаа хууль эрх зүйн зохицуулалт хийгдсэн. Хууль эрх зүйн хүрээнд зарим зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай үүсэн учир уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Усны тухай хуульд газар доорх ус, түүний хамгаалалт, ашиглалт болон бусад зохицуулалтын талаарх эрх зүйн орчин бүрдээгүй. Энэ нь экологийн тэнцвэргүй байдлыг бий болгох, улмаар усны хомстол үүсгэж болзошгүй тооцоо, судалгаа байгаа нь анхаарал татсан асуудал. Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулж, ирэх намрын чуулганы хугацаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна” гэв.

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Усны газрын дарга Ш.Мягмар хийлээ.Тэрбээр хуулийн төсөлд гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох гэсэн заалтууд тусгагдсан талаар онцолж, ус ашиглах журам баталснаар усны нөөцийн хомстол, түүний түвшин, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус ашиглах дээд хязгаар, төлбөр тооцоо зэрэг мэдээллийн ил тод байдлыг бий болгоно. Мөн орхигдсон цооногийг сум, дүүргийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэн буруутай этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна гэж зааж, хариуцлагын хэмжээг илүү тодорхой болгож өгснөөрөө онцлогтой гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар усны бодлогыг хуулиар зохицуулж, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, усны хэрэглээний хяналтыг зайлшгүй чангатгах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа усны үнэлгээ, мониторингийн асуудлыг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтийг тусган хууль, эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн юм. 

Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн багш, доктор Д.Оюун оролцож “Газрын доорх усны хуримтлагдах зүй тогтол ба ашиглалтын горим”, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг “Усны хэрэглээний хэтийн төлөв ба шийдэл”, Усны газрын дарга Ш.Мягмар “Газрын доорх ус ашиглалтын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавилаа. Хэлэлцүүлэгт оролцогчид өөрсдийн байр сууриа илэрхийлэн хуулийн төслийн хэрэгжилт, явц, үр дүн, анхаарах асуудлын талаар санал солилцов. 

Газрын доорх усыг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. 

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Усны газар болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ