Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд халдлагад өртлөө

               
2022-05-10 0

Польш улсад суугаа ОХУ-ын элчин сайд өчигдөр Ялалтын баярыг тохиолдуулан Варшав хот дахь дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын оршуулгын газарт цэцэг өргөх гэж очихдоо халдлагад өртжээ.

Элчин сайд Сергей Андреевыг ирэхэд Украины дайныг эсэргүүцэгч олон зуун хүн түүний замд саад хийсэн байна.

Жагсагчид эхлээд авчирсан цэцгийн баглааг нь булааж, газарт хаян гишгэлээд дараа нь элчин сайд болон дагалдаж явсан хүмүүс рүү улаан өнгийн будаг цацсан байна.

Тэд энэ үеэр Украины далбааг мандуулж, “фашистууд”, “алуурчид” зэрэг үгсийг орос хэлээр хашхирч байжээ.

Болсон явдалтай холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “нео-нацизмыг шүтэгчид нүүр царайгаа харууллаа”, Польш улсад “фашизм дахин мэндэлж байна” хэмээн шүүмжилсэн байна.

Оросын зарим улс төрийн тоймчид элчин сайдаа Варшаваас эгүүлэн татаж, Москва дахь Польшийн элчин сайдыг хөөх хэрэгтэй тухай ярьцгаажээ.

Польшийн дотоод хэргийн сайд Мариуш Камински цэцэг өргөх төлөвлөгөөгөө цуцлахыг ОХУ-ын элчин сайдын яаманд өмнө нь зөвлөж байсныг мэдэгдээд сайдыг халдлага болсон газраас буцаж явахад нь цагдаа нар тусалсныг баталсан байна.

“Украинд өдөр бүр геноцид үйлдэж байгаа Оросын эзлэн түрэмгийлэх дайныг эсэргүүцсэн арга хэмжээ нь хууль ёсных байсан. Нөхрүүд нь эх орноо хамгаалан тулалдаж буй украин эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөлийг ойлгож байна” гэж Камински мэдэгджээ.

Ням гарагийн орой дайныг эсэргүүцэгчид ОХУ-ын элчин сайдын яамны өмнө танк ачсан трактор авчран байрлуулсан юм.

Варшав хот дахь Зөвлөлтийн дайчдын оршуулгын газарт дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшийн нутагт амь үрэгдсэн 20,000 гаруй цэргийн шарил байдаг.

Коммунист дэглэм нуран унасны дараа тус улсын нутагт оршдог Улаан армийн олон хөшөөг буулгасан ч уг оршуулгын газар хөндөгдөлгүй үлдсэн юм.

Зөвлөлтийн цэрэг Нацистуудаас тус улсыг чөлөөлсөн хэдий ч Москвагийн эрх баригчид дайны эхэн үед Германы засгийн газартай нууц гэрээ байгуулан Польшийн газар нутгийг хуваан эзэлж байсан түүхтэй. Энэ эзлэн түрэмгийллийн үеэр Польшийн иргэдийг бөөнөөр нь алж хядах, Сибирийн цөллөгт илгээх зэрэг харгислал явуулж байсан юм.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ